“TOUR OF MONGOLIA 2025”: ОУХМ Б.Марал-Эрдэнэ шар цамцаа хадгалж, ОУХМ Э.Билгүүнжаргал “Шилдэг уулчин”-аар тодорлоо

Zuv.mn
5 цаг 55 минутын өмнө

26 дахь удаагийн Монголын олон өдрийн уралдаан “TOUR OF MONGOLIA 2025” тэмцээний тавдугаар гараа өнөөдөр /VIII.20/ Завхан аймгийн Тосонцэнгэл-Улиастай чиглэлд болж өнгөрлөө. Уул, талын нэг, нэг дундын бариатай уг гарааны бариаг алдарт Загастайн давааны оройд хийсэн бөгөөд эрэгтэй тамирчид Тосонцэнгэлээс 134 км, эмэгтэйчүүд Тэлмэн нуураас 74 км уралдсан юм.

Эрэгтэй элит: ОУХМ Э.Билгүүнжаргал түрүүлж, “Шилдэг уулчин”-аар тодорлоо

Тэмцээн дөнгөж эхэлж байхад л “Ялагчийн хувь заяа Загастайн даваа өгсөж уралдах тавдугаар гараанд л тодорхой болно” гэж олон хүн хэлж байсан. Тэр ч ёсоор болж, эхний гараануудад цагаа хадгалж байсан томчууд “Ил гарч” тэргүүлэхийн төлөө ширүүн өрсөлдлөө.

Уралдаан эхлээд удалгүй энэхүү тэмцээний өнгөрсөн жилийн аварга, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Тэгшбаяр, “Төв Ургац” багийн тамирчин ОУХМ Х.Тэмүүлэн нар урагш тасарсан. Шар цамцны төлөө өрсөлдөж байгаа тамирчин урагшаа гарсан учраас араас нь “Catco racing team” багийн тамирчин ОУХМ Б.Марал-Эрдэнэ, ОУХМ Э.Болор-Эрдэнэ, “Хубилай хаан” багийн тамирчин ОУХМ Б.Идэрболд, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Билгүүнжаргал нар тус, тусынхаа багийн тамирчдын хамт хойноос нь хөөсөн.

Тасарсан хоёрын цаг бага, багаар холдсоор зам даваа руу өгсөхийн өмнө дөрвөн минутад хүрсэн бөгөөд арын бөөн групп энэ үеэс эрчимтэй хөөсөөр барианаас 4 километр орчмын өмнө гүйцэж, лидерүүд нь цааш хүчээ шавхан уралдсаар барианд орж ирэхэд “Алдар” спорт хорооны тамирчин Э.Билгүүнжаргал 4.03.43.51 үзүүлэлтээр тэргүүлж, “Хубилай хаан” клубын тамирчин ОУХМ Б.Идэрболд, “Catco racing team” багийн тамирчин ОУХМ Б.Марал-Эрдэнэ, ОУХМ Э.Болор-Эрдэнэ нар ижил цагийн амжилтаар удаалж, “Алдар” спорт хорооны тамирчин, энэхүү тэмцээний өнгөрсөн жилийн аварга ОУХМ Б.Тэгшбаяр 4.04.46.26, “Catco racing team” багийн тамирчин ОУХМ А.Даваажаргал 4.06.21.98 үзүүлэлтээр тав, зургадугаар байруудад орлоо.

ОУХМ Э.Билгүүнжаргал /Алдар спорт хороо/

Дахиж уулын гараа, дундын бариа байхгүй тул ОУХМ Э.Билгүүнжаргал “Шилдэг уулчин”-аар тодорсон бол шар цамцны төлөөх өрсөлдөөнийг ОУХМ Б.Марал-Эрдэнэ тэргүүлж, шар цамцаа хадгалсаар байна. Тэрбээр сүүлийн гараанд амжилтаа хадгалбал энэхүү нэр хүндтэй тэмцээнд дөрвөн удаа түрүүлсэн анхны дугуйчин болж түүхэнд бичигдэх юм.

V гарааны дүн. Тосонцэнгэл-Нөмрөг, 134 км

1. ОУХМ Э.Билгүүнжаргал /”Алдар”/ 4.03.43.51
2. ОУХМ Б.Идэрболд /”Хубилай хаан”/ 4.03.43.51
3. ОУХМ Б.Марал-Эрдэнэ /”Catco racing team”/ 4.03.43.51
4. ОУХМ Э.Болор-Эрдэнэ /”Catco racing team”/ 4.03.43.51
5. ОУХМ Б.Тэгшбаяр /”Алдар”/ 4.04.46.26
6. ОУХМ А.Даваажаргал /“Catco racing team”/ 4.06.21.98

Нийлбэр дүн /Таван гарааны дараах байдлаар/

1. ОУХМ Б.Марал-Эрдэнэ /”Catco racing team”/ 13.07.54.94
2. ОУХМ Б.Идэрболд /”Хубилай хаан”/ 13.08.29.27
3. ОУХМ Э.Болор-Эрдэнэ /”Catco racing team”/ 13.08.48.90
4. ОУХМ Б.Тэгшбаяр /”Алдар”/ 13.09.42.02
5. ОУХМ А.Даваажаргал /“Catco racing team”/ 13.12.17.70
6. ОУХМ Э.Билгүүнжаргал /”Алдар”/ 13.12.21.92
7. ОУХМ Х.Тэмүүлэн /”Төв Ургац”/ 13.32.19.17
8. СМ И.Билгүүн /”Хубилай хаан”/ 13.37.20.56

Эмэгтэй элит: СМ Г.Энхжин гурав дахиа түрүүлэхэд ойртлоо

Монголын олон өдрийн уралдааны эмэгтэйчүүдийн уралдаан есөн удаа болоход Азийн аварга ОУХМ Т.Энхжаргал, Азийн АШТ-ий хүрэл медальт ОУХМ Ц.Солонго, СМ Г.Энхжин, СМ Ж.Анужин гэсэн дөрвөн тамирчин л түрүүлж байжээ. Эхний гурван уралдаанд Т.Энхжаргал дараалан /2013, 2014, 2015 онд/ түрүүлсэн бол Ц.Солонго дундаа завсартай гурван удаа /2016, 2021, 2024/, СМ Г.Энхжин хоёр удаа дараалан /2017,2018/, СМ Ж.Анужин 2023 онд түрүүлж байв.

Тэгвэл Тэлмэн нуураас Загастайн давааны орой руу уралдсан V гараанд “Catco racing team” багийн тамирчин СМ Г.Энхжин 3.00.12.08 үзүүлэлтээр түрүүлснээр нийлбэр дүнгээрээ ойрын өрсөлдөгч Ц.Солонгоос таван минутаар тасарч, тус тэмцээний гурван түрүүтэй болоход ойртлоо.

Энэхүү тэмцээний 2023 оны аварга, энэ жил аваргын төлөө ширүүн өрсөлдөж байсан СМ Ж.Анужин энэ гараанд гэмтэж, өрсөлдөөнөөс гарсан нь өнөөдрийн гол шуугиан байв.

“Алдар” спорт хорооны Ц.Солонго 3.00.33.64 үзүүлэлтээр удаалсан бол мөн “Алдар” спорт хорооны тамирчин Э.Энхмаа 3.01.51.59 үзүүлэлттэй гуравдугаарт орсон юм.

Дөрөв, тавдугаарт “Төв Ургац”-ын Х.Отгонтэнгэр 3.10.40.90, Ү.Нандин-Эрдэнэ 3.10.43.66 үзүүлэлтээр орлоо. 15 настай залуу тамирчин Үндэс-Эрдэнийн Нандин-Эрдэнэ ингэснээр 17, 18 эгч нараасаа таван гарааны нийлбэр дүнгээр долоон минут орчмоор тасарч, элитийн гурван эгч нарынхаа араас дөрөвдүгээрт дэвшив. Тэрбээр тэмцээний нэгэн нээлт болж байна.

Монголын олон өдрийн уралдааны нэг онцлог нь залуу тамирчдыг элит тамирчидтай хамт өрсөлдүүлж буй явдал бөгөөд энэ шийдэл оновчтой гэдгийг харуулсан хамгийн тод жишээ нь Ү.Нандин-Эрдэнэ болов.

Энэ удаагийн олон өдрийн уралдаанд 14, 16, 17, 18 настай тамирчид эгч нартайгаа өрсөлдөж туршлага хуримтлуулж байна.

V гарааны дүн /Тосонцэнгэл-Улиастай, 74 км/

 
1. СМ Г.Энхжин /Catco racing team/ 3.00.12.08
2. ОУХМ Ц.Солонго /”Алдар” спорт хороо/ 3.00.33.64
3. СМ Э.Энхмаа /”Алдар” спорт хороо/ 3.01.51.59
4. Х.Отгонтэнгэр /”Төв Ургац”/ 3.10.40.90
5. Ү.Нандин-Эрдэнэ /Төв Ургац/ 3.10.43.66

Нийлбэр дүн /Таван гарааны дараах байдлаар/

1. СМ Г.Энхжин /Catco racing team/ 12.37.07.09
2. ОУХМ Ц.Солонго /”Алдар” спорт хороо/ 12.42.58.13
3. СМ Э.Энхмаа /”Алдар” спорт хороо/ 12.43.54.17
4. Ү.Нандин-Эрдэнэ /Төв Ургац/ 13.47.38.17
5. Б.Номинжин /”Catco racing team”/ 13.54.12.01

Өсвөр үе: СМ Э.Сайханбилэг тэргүүллээ баталгаажууллаа

Өсвөрийн эрэгтэй тамирчдын гол өрсөлдөөн Эрдэнэт хотын “Хурд-Эрдэнэт” багийн тамирчин СМ Э.Сайханбилэг, Сүхбаатар аймгийн “Шилийн богд” багийн тамирчин Г.Халиунболд нарын хооронд өрнөж байгаа билээ. Энэхүү өрсөлдөөнд эхэндээ Д.Халиунболд илүүрхэж байсан бол СМ Э.Сайханбилэг 4, 5 дугаар гараанд дараалан түрүүлснээр өрсөлдөгчөөсөө илүү гарсан. Ялангуяа Загастайн даваанд бариалсан энэ удаагийн гараанд өрсөлдөгчдөөсөө хол тасархай ирснээр түрүүлэх болзлоо бараг л хангалаа.

Охидын нэгэн адил, 14-18 настай өсвөрийн тамирчид маань энэ тэмцээнд элитийн ах нартайгаа ижил зайд хамт гараанд гарч уралдаж буй. Тэднээс 18 настай Э.Сайханбилэг өнөөдөр маш сайн уралдаж, ирээдүйтэй тамирчин болохоо харуулав. Энэ удаагийн гараанд литийн эхний найман байрны тамирчны үзүүлэлт 4.03.43.51-ээс 4.18.42.08 хооронд байсан бөгөөд Э.Сайханбилэг элит ангилалд долдугаар байрт орох хэмжээний амжилтыг үзүүлсэн юм.

V гарааны дүн /Тосонцэнгэл-Улиастай, 134 км/
1. СМ Э.Сайханбилэг 4.10.58.77
2. СМ Д.Халиунболд /”Шилийн богд”/ 4.30.19.81
3. Б.Дөлгөөнтамир /”Хурд-Эрдэнэт”/ 4.51.52.92
4. Ч.Энхбаяр /Catco-СХД/ 4.51.52.92
5. А.Өсөх-Ирээдүй /”Шилийн богд”/ 4.51.52.92
Нийлбэр дүн /Таван гарааны дараах байдлаар/
1. СМ Э.Сайханбилэг 13.51.18.20
2. СМ Д.Халиунболд /”Шилийн богд”/ 14.12.17.09
3. Ч.Энхбаяр /Хурд-Эрдэнэт/ 14.47.20.35
4. Б.Дөлгөөнтамир /”Хурд-Эрдэнэт”/ 14.59.59.68
5. А.Өсөх-Ирээдүй /”Шилийн богд”/ 15.01.12.25

Тэмцээний зургадугаар гараа наймдугаар сарын 21-ний пүрэв гарагт Завхан аймгийн төв Улиастай хотод тойрог замаар болох бөгөөд 14.00 цагаас эхлэх гарааны өмнө буюу өглөөний 10.00 цагаас Монголын дугуйн холбооноос өмнө нь Говь Алтайн Алтай, Ховдын Ховд, Увсын Улаангомд зохион байгуулж байсантай адил дугуйн спортыг сурталчлах өдөрлөх, өсвөр үеийнхний тэмцээнийг зохион байгуулна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна