Холимог тулааны ONE FC холбоо Монголын тулаанч Баатархүүгийн Энх-Оргилд бүсний тулаан өгчээ. Ингэснээр манай тамирчин ирэх арванхоёрдугаар сарын 5-нд Тайландын Бангкок хотноо жингийнхээ аварга, Бразилийн тулаанч Фабрисио “Wonder boy” Андрадетай тулалдахаар болов.
Манай тамирчин холбоондоо зургаан удаа тулалдахдаа тав ялсан. Артем Белахаас ганц ялагдал амсахдаа илүүрхэж яваад шийдсэн өвдөгт өртөж унасан юм.
Харин Фабрисио Андраде нь эдүгээ ONE FC холбоонд тулалдаж буй тамирчдаас хамгийн аюултай, шуурган довтолгоогоороо гайхагддаг нэгэн бөгөөд өнгөрсөн жил манай З.Шинэчагтгыг асуудалгүй нүдэж байсан Квон Вон Илийг 2022 оны зургадугаар сард 1 минут 02 секундэд, энэ оны нэгдүгээр сард дахин тулахдаа 42-хон секундэд буулгаж авч байжээ. Холбоонд тав тулалдахдаа кикбоксын төрлөөр Жонатан Хаггерти аваргад л ялагдаж байжээ.
Б.Энх-Оргил, Ф.Андраде нартай хоёулантай тулалдсан ганц тамирчин байгаа нь Тайландын Пакатив. Түүнийг Ф.Андраде нэгдүгээр үеийн 1 минут 42 секундэд дутуу гарсан бол манай Б.Энх-Оргил өнгөрсөн гуравдугаар сард гурван үеийн тулаанд илүүрхсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна