Монголчуудын хамгийн их хүлээсэн СОНСГОЛ

Х.Батсайхан
3 цаг 18 минутын өмнө

Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Түр хороо өчигдөр /2025.11.12/ хуралдаад уг асуудлаар Нээлттэй сонсголыг ирэх сарын 8-наас 12-ны өдрүүдэд явуулахаар тогтлоо.

Нийтийн сонсголын зорилго нь төр, олон нийтийг үнэн бодит мэдээллээр хангах, алдаа мадаг байсан бол хойшид гаргахгүй байх тал дээр анхаарч бодлого шийдвэр гаргуулах. Тиймээс төслийн талаар 0-ээс нь эхлээд одоог хүртэл мэдээллийг иргэд сонсоно гэж найдаж байна.  

Монголчуудын нэгэн аз од, өвөг дээдсээс өвлүүлэн үлдээсэн буяны дээж болох Оюутолгойн эргэлтэд орсон түүх 2000 оны гуравдугаар сард, "Айвенхоу майнз" компани "Оюу толгой"-н 4 ширхэг хайгуулын лицензийг 3 жилд багтаан нийт 3.0 сая ам долларын хайгуул хийх, түүний үр дүнгээс хамааран, хожим хэрэгжүүлэх төслийн тодорхой хувийг нь лиценз шилжүүлэгч тал /"Би Эйч Пи"/ үнэгүй эзэмших болзолтойгоор "Би Эйч Пи" компаниас 5.0 сая ам доллараар худалдан авснаар эхэлдэг. Тухайн үед "Би Эйч Пи"-гийн тэдгээр лицензийн зөвшөөрлийн хугацаа нь дууссан байсан гэх асуудал хожим гарч ирснээр энэ төслийг тойрсон нууцлаг асуудлууд ч эхэлсэн байдаг юм.   

Улмаар хайгуулын эхний үр дүн гайгүй гарсан тул Роберт Фрийдланд "Би Эйч Пи"-гийн шаардаж байсан, төслийн 2 хувийг эзэмших эрхийг 37.0 сая ам доллар төлж авснаар, "Оюу толгой"-н лицензийг "Айвенхоу майнз" компани нийт 42.0 сая ам доллараар 2003 онд 100 хувь шилжүүлэн авсан байдаг.

Улмаар 2003 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 14 цаг 20 минутад "Оюу толгой"-н дээрх 4 ширхэг лицензийг ашиглалтын лиценз болгохоор өргөдөл гаргаж, тухайн өдөртөө ажлын 3,5 цагт багтааж ашиглалтын лиценз болгож авчээ. Харин энэ явдлаас долоо хоногийн дараа буюу 12 дугаар сарын 23-ны өдөр тухайн үеийн Засгийн газар "Айвенхоу майнз"-аас 50.0 сая ам доллар авч, "Их өр” төлөх компанит ажилд зарцуулсан байдаг.

 Орд олж илрүүлээд ашигладаг компанид арилжих үндсэн зорилготой  “Айвенхоу майнз” дараа нь “Рио Тинто”-той хамтарсан. Асуудал ч их үүссэн.

Н.Энхбаярын үед “Их өр”-ийг тэглэсэн мөнгийг зээлж авахдаа ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг “Айвенхоу майнз”-д шилжүүлсэн, хожим Р.Фрийдланд тэдгээр зөвшөөрлүүдээсээ заримыг нь буцааж өгсөн. Тэрхүү зөвшөөрлүүдийн дотор Хармагтай байсан гэдэг.

Р.Фрийдланд Оюутолгойн лицензийг "Би Эйч Пи"-гээс авах үед хугацаа нь дуусчихсан байсан, Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдах үед “Онтрэ”-гийн лицензийн хугацаа нь дуусчихсан байсан гэх мэт асуудлууд бий. Эдгээр асуултууд сонсголоор хөндөгдөнө гэж найдаж байна._

Энэ мэтчилэн, яг төсөлтэй холбоогүй ч төсөлтэй холбоотой хийгдсэн тохироо, үйл явдлууд их байсан нь Оюутолгойг хамгийн нууцлагдмал газар болгосон юм. Өөрөөр хэлбэл монголчуудын хамгийн ихээр хүсэж, 25 жил хүлээсэн сонсгол одоо болох гэж байна.

 

Сонсголын хуваарь

  • 12 сарын 8-ны өдөр Жавхлант, Шивээ Толгой ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоох, үнэлгээ хийх болон төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох баримтуудыг судална.
  • 12 сарын 10, 12-ны өдрүүдэд “Оюу Толгой” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн гэрээ, нэмэлт өөрчлөлт, санхүүжилтийн хүүгийн талаар баримт бичгийг судлах, нээлттэй сонсгол явуулахаар төлөвлөжээ.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.229.123.212
    1 цагийн өмнө

    Монголчууд яаж ашиг хүртэх вэ гэж байсаар баялагийн орд дуусах бололтой. Мэдээж гэрээ байгуулсан АВЛИГАЧИД л баяжаад үлдлээ. Зарим нь сая доллараа марттлаа баяжсан.

    Хариулах