"Оюутолгойн сонсгол"-оор "Рио Тинто"-д үзүүлдэг хөнгөлөлтийн мөнгөн дүнгээр илэрхийлж нийтэд зарлах эхлэлийг тавья

Х.Батсайхан
1 цаг 40 минутын өмнө

-Хулгайн мөнгөөр суварга бүтээх нь буян биш-

Оюутолгойн уурхай ашиглалтад орсноор Монгол Улсын эдийн засагт ямар их үр өгөөж өгч байгаа талаар “Рио Тинто” байсхийгээд л дэлхий нийтэд тайлагнадаг. “Оюутолгой” ХХК-ийн албан ёсны цахим хуудсанд монгол хэл дээр /монголчуудад зориулсан/ тавигдсан тайлангуудад ч “Бид л өгдөг” гэсэн агуулга нэвт шингээстэй байдаг нь нууц биш. 

Оюутолгойн тайлан хэдэн жилийн өмнө тухайн жилд хэчнээн төгрөгийн татвар төлснийг нь мэдэх боломжгүй, бараг бүтээн байгуулалт эхэлснээс хойших өссөн дүнгээр мэдээлэгддэг байсан. 2018 оны тайландаа “Оюутолгой компанийн Монгол Улсад оруулсан хөрөнгө 8.7 тэрбум ам.долларт хүрэв. “Оюу толгой” 2018 онд татвар, хураамж, бусад төлбөрт 322 сая ам.доллар, үндэсний худалдан авалтад 439 сая ам.доллар зарцууллаа” гэж бичсэн байх жишээтэй. 

Шүүмжлүүлсээр энэ байдлаа больж, тухайн жилийн татвар, хөрөнгө оруулалтуудаа бичдэг болсон ч араас нь өссөн дүн тавьдаг зуршлаа орхиогүй байгаа. Жишээ нь, 2025 оны гуравдугаар улирлын тайландаа "Энэ оны зөвхөн гуравдугаар улиралд нийт 587 тэрбум төгрөг, 2025 он гарснаас хойш өнөөг хүртэл нийт 1.6 их наяд төгрөгийг татвар хураамж, бусад төлбөрт төлжээ. “Оюу толгой” компани 2010 оноос хойш нийт 13.7 их наяд төгрөгийг татвар хураамж, бусад төлбөрт төлөөд байна. Үндэсний компаниудтай хийсэн худалдан авалт, бусад хамтын ажиллагаа, төсөвт төлж буй татвар, хураамж, үндсэн ажилчдын цалинд энэ улиралд 2.2 их наяд, 2010 оноос хойш 53.3 их наяд төгрөг зарцууллаа" гэсэн байх жишээ тэй. 

Энэ ч яах вэ, сүүлд өгөөж тооцоход хэрэгтэйн хувьд хэрэгтэй байх.  

Одоо харин нэг ажил үлдсэн нь  “Рио Тинто” л зөвхөн өгөөд, төр аваад явдаг гэсэн тогтсон ойлголтыг өөрчлөх явдал. Нэгдүгээрт, "Рио Тинто" Монголын баялгийг эргэлтэд оруулж ажиллаж байгаа,  хоёрдугаарт, Монголын төр ч хангалттай “эрхлүүлж” байгаа вэ гэдгийг олон нийтэд таниулах цаг нь болсон. 

Ерөнхий хяналтын сонсголоор "Оюутолгой" Монголд өгсөн өгөөжөө 2010 оноос өссөн дүнгээр мэдээлдэг шиг, тэр нийт өгөөжийнх нь эсрэг Монгол Улсаас үзүүлсэн нийт хөнгөлөлт, эдлүүлсэн давуу эрхүүдээ мөнгөн дүнгээр илэрхийлээд нэг сайн тайлагначихмаар байна.

Энэ бол их энгийн. Цаашдаа “Оюутолгой”, “Рио Тинто” тийм их хөрөнгийг Монгол Улсад шингээдэг, төрд өгдөг юм бол Тогтвортой байдлын гэрээний дагуу эдэлж буй хөнгөлөлтүүдээ ч давхар зарлан олон нийтэд хүргэдэг байх ёстой гэсэн санаа юм. Ингэхдээ тухайн жилд эдлэсэн хөнгөлөлт, тогтвортой байдлын гэрээ хэрэгжиж эхэлснээс хойш эдлэсэн нийт хөнгөлөлт зэргээ цугт нь зарлана. “Оюутолгой” жирийн компани байгаад тогтвортой байдлын гэрээнд хамрагдаагүй байсан бол ийм хэмжээний татвар төлөх байсан гэж зарлах хэрэгтэй.

Оюутолгойн санхүүгийн талаар манай улс тодорхой, бүрэн гүйцэт мэдээлэл олж авч чадахгүй нөхцөл байгаа нь үнэн. Гэвч одоохондоо байгаа мэдээлэл дээрээ тулгуурлаад тооцоо хийж болно. “Рио Тинто“ буян үйлдэгч биш, хамтран ажиллагч, “Оюутолгой” ХХК Монголын аж ахуйн нэгж гэдгийг ойлгуулахад чухал ач холбогдолтой. Ингэж байж зэс боловсруулах үйлдвэр, цахилгаан станц зэрэг хамтарч ажиллах бусад төслүүдийг ажил хэрэг болгоход нэмэр болно. Хөрөнгө оруулалтын гэрээ “Рио Тинто”-д ашигтай юу, Монголд ашигтай юу гэдэг асуултын хариуг иргэдэд бага  атугай тодорхой болгох юм. Асар их татвараас чөлөөлөгдөж, тэр мөнгөнийхөө нэг хэсгээр нийгмийн хариуцлага хэрэгжүүлчихээд буян үйлдэгчийн дүр эсгэх ёсгүй. Хулгайн мөнгөөр суварга бүтээх нь буян биш.    

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна