Монголчуудад хүч өгч, гэрэл нэмсэн ОНЦЛОХ үйл явдлууд

Б.Мөнхболд
4 цаг 42 минутын өмнө

2025 он урлаг, спортын салбарт гаргасан Монголчуудын амжилт элэг нэгтнүүдээ баярлуулж, бахархуулсан үйл явдлаар дүүрэн жил байлаа. 

1.            Эв эеийн хүчийг харуулсан ДАЙЧИД

Netflix-ийн алдарт "Physical Asia" шоунд оролцсон Б.Орхонбаяр ахлагчтай манай улсын баг гайхалтай амжилт үзүүлж, дэд байрт шалгарсан нь Монголчуудын бахархал, омогшлыг төрүүлэхийн сацуу  маш богино хугацаанд олон улсад таниулж чадсан амжилтыг онцолж байна.

Монгол хүний хүч чадал, тэсвэр тэвчээр, авьяас чадвар, эв нэгдэл, онцлог зан чанар нь олон орны үзэгчдэд эерэг сэтгэгдэл төрүүлж, Монгол Улсыг шинэ өнцгөөс таниулах боломжийг нээсэн тамирчдаар монголчууд төдийгүй дэлхий нийт бахархаж, хайрласаар байгаа юм.

2.            Түүх бүтээсэн Монгол охид

Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн дөрвөн охин нутаг дээрээ зохион байгуулагдсан ДАШТ-д олимп, дэлхийн аваргуудыг дараалан ялж, дэлхийн дэд аварга болж гайхамшиг бүтээв.

Дэлхийн аваргад багийн спортоор түүхэн дээд амжилт гаргасан охидоор Монгол хүн бүр бахархаж, бахдсан жил байлаа. Тэд уйгагүй хөдөлмөр, эв нэгдэл хаана хүргэж болохыг залууст үлгэрлэж, урам хайрласан. Гайхалтай ялалтыг бүтээсэн тэднийг Монгол Улсын гавъяат тамирчин цолоор шагнасан билээ.

3.            Байлдан дагуулагч The Mongolz

Цахим спортын The MongolZ баг дэлхийд чансаагаараа нэгдүгээрт бичигдсэн азийн анхны баг болж, түүхэнд бичигдэв.

Залуу үеийн сэтгэлгээний онцлог, амьдралын хэв маяг, соёлын тусгал болж, цахим спортын түүхэн амжилтууд гаргаж буй The MongolZ баг монголчуудын үнэт зүйл, үндэсний онцлогийг дэлхийд таниулж, Монгол Улсыг орчин үеийн, нээлттэй, шинэлэг, өрсөлдөх чадвартайгаар сурталчлан алдаршуулж байгаа билээ. 

Үүнийг дагаад цахим спортыг сонирхох залуусын тоо ч нэмэгдсэн Өнгөрөгч зургадугаар сард Major буюу ДАШТ-ний финалын тоглолтыг залуус хэдэн мянгаараа цуглаж үзсэн нь үүний баталгаа юм.

Эх орныхоо нэр хүндийг олон улсын тавцанд өндөрт өргөж яваа “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр зарлав.

4.            Хонгор нутгаас 76 жилийн дараа тодорсон хүчтэн

Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадамд улсын начин Э.Батмагнай 9 даван түрүүлж, улсын заан цолтон болов. 

Тэртээ 1949 онд Баянхонгор аймгийн Богд сумын харьяат Пагмын Аюуш гэх хүчтэн улсын наадамд есөн даван түрүүлж, улсын арслан цол хүртэснээс хойш 76 жилийн дараа Баянхонгор аймгийн Жинст сумаас улсын арслан цолтон мэндэлсэн нь энэ байлаа.

Э.Батмагнай энэ жилийн аймаг, бүсийн ойн наадмуудад ч босоо байж түрүүлэн, эгнэшгүй хүчтэн гэдгээ харуулсаар яваа юм.

5. Холмилог тулааны дэлхийн аварга, Монголын “ОД” Б.Энх-Оргил

Мэргэжлийн холимог тулааны тамирчин Б.Энх-Оргил "One Championship" холбооны аварга болж, эх орныхоо дахин дэлхий дахинд дуурсгав.

"Physical Asia" шоунд оролцохоосоо эхлээд Монголчуудын хайр, хүндлэлийг хүлээгээд байсан Б.Энх-Оргил 25 жилийн хатуу бэлтгэл, хөдөлмөрийн үр дүнд дэлхийн аваргын бүсийг авснаа онцолж байлаа. Хүмүүжил, төлөвшил, тэсвэр хатуужил, дайчин зориг зүрх, эгэл энгийн байдлаараа тэр Монголын “Од” яах аргагүй мөн.

6. Азийн тэмцээнийг өнгөлсөн Ч.Мишээл

"Silk Way Star" Азийн олон улсын дууны тэмцээний Гран при шагналыг Монголын дуучин Ч.Мишээл хүртэж, дуунд хайртай түмнээ баясгалаа.

Гурван сар гаруйн хугацаанд үргэлжилж, ялагчаа тодруулсан тус тэмцээнд Ч.Мишээл өөрийн авъяас чадварыг тултал үзүүлж, Монголчууд сэтгэл зүрхээрээ дэмжицгээв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна