Японы мэргэжлийн сүмогийн холбооны арванхоёрдугаар сарын тойргийн барилдааны мэдээлэл хайж яваад Хоошорюүгийн тухай мэдээллийн доор хүмүүс “Hosh nation rise up” гэж бичсэн байхтай олон таардаг юм байна. Учрыг магадлавал, энэ нь Японы мэргэжлийн сүмогийн 74 дэхь их аварга Хоошорюү С.Бямбасүрэнгийн олон улс дахь хөгжөөн дэмжигчдийн уриа бөгөөд манай бөхийг шинэ цолтой түрүүлэхийн төлөө тэмцсэн 2025 оны турш хэрэглэгдэж байгаа гэжээ.
Энэхүү уриа үгний утгыг ухвал, nation гэдэг нь үндэстэн гэдэг үг боловч интернэт соёлд ямар нэгэн алдартай хүнийг дэмжигчид өөрсдийгөө "Nation" буюу "Үндэстэн" гэж нэрлэдэг юм байна. Энэ нь зүгээр нэг дагагчдын цуглуулга биш, харин ижил сонирхолтой, нэгдмэл үзэл бодолтой, өөрсдийн гэсэн дотоод дүрэм журам, хэллэгтэй (slang) яс үндэс хамаарахгүй томоохон бүлэг хүмүүс бөгөөд Хоошорюү С.Бямбасүрэн аваргыг дэмжигчид өөрсдийгөө “nation” гэж нэрлэж байгаа нь манай аваргын спортын амжилт, хувь хүний чанарууд дэлхийн олон орны хүмүүсийг ямар нэгэн байдлаар татаж, нэгтгэж байна гэсэн үг аж.
Харин "rise up" гэдэг нь нөхцөл байдлаасаа хамаараад "босох", "тэмцэх", "дээшлэх", "амжилтад хүрэх" эсвэл "сэргэх" гэсэн утгуудын аль нэгийг илэрхийлдэг маш хүчирхэг, эерэг цэнэгтэй хэллэг юм байна.
“Цолондоо дасахад хугацаа хэрэгтэй” буюу 10 жил шиг гурван жил
Хоошорюү С.Бямбасүрэн Монголоос төрсөн зургаа дахь ёкозүна. 42 тэмцээнд оролцоод ёкозүна цолд хүрсэн нь түүхэнд зургадугаарт орох амжилт юм билээ. Орчин үеийн сүмогийн түүхэнд гээд бодохоор энэ бол том амжилт. Үүнээс хурдан ахих ч боломж байсан уу гэвэл байсан. Гэхдээ одоо эргээд харахад, хэт тасарч “цойлолгүй“ зугуухан урашилсан нь дээр ч байсан мэт сэтгэгдэл төрнө.

Анх удаа түрүүлж, озэки цолд хүрлээ. 2023.VII сар
Учир нь, мэргэжлийн сүмод сүүлийн гурван жилд маш олон гэнэтийн өөрчлөлт гарч, үзэгч фэнүүдэд төсөөлөөгүй олон гэнэтийн бэлэг барьсан юм.
Хоошоорюүг 2023 онд анх удаагаа түрүүлэн озэки болох үед озэки Такакейшёо ид ирэн дээрээ гялалзаж, их аварга цол хүртэх магадлалтай бөхчүүдийн тэргүүн эгнээнд бичигдэж байв. 73 дахь их аварга Тэрүнофүжи залуухан хэвээр ч гэмтэл бэртэл салахаа байж, “Сүмогийн ирээдүйг хэн авч явах вэ” гэдэг асуултын хариулт нь тухайн үедээ озэки Такакейшёо, сэкивакэ Хоошорюү хоёр л байсан юм. Хоошорюүгаас өмнө эхний түрүүгээ авсан Киришимаг бас энд нэрлэж болно.

Озэки Такакаейшо, озэки асан Такакейшо
Энэ бөхчүүдийн нэг нь л цаг нь ирэхэд харицлага үүрэх байв. Цаг ч ирж, ёкозүна Тэрүнофүжи зодог тайлан, мэргэжлийн сүмо бөх 32 жилийн дараа их аваргагүй болох эрсдэл нүүрлэхэд Хоошорюү С.Бямбасүрэн тодорсон. Озэки цолтойгоо жил хагас барилдсан ч цаг нь ирэхэд урагш гарч, үүрэг хариуцлагаа биелүүлсэн байдаг.

Хацү башёгийн сүүлийн өдөр Охог нэмэлт барилдаанд ялж түрүүлэн, ёкозүна болох замаа заслаа. Рёогокү кокугикан, 2025.I.06
Түүнийг 2025 оны нэгдүгээр сарын тэмцээнд 12-3 амжилтаар түрүүлэх үед ёкозүна Тэрүнофүжи, озэки Такаейшёо нар зодог тайлж, озэки Киришима уналтад орсон байв.
Магадгүй, ийм ороо бусгаа, барьцгүй байдал хүлээгдэж байсан үед их аварга болчихсон бол өнөөдөр гол өрсөлдөгч нартайгаа адилхан зодог тайлчихсан байх ч байсан юм бил үү.
Дэвжээний бус ч 2025 оноос үлдэх том амжилт буюу олон нийтийн дэмжлэг
Цол нэмжсний дараа Хоошорюүд нэг дарамт ч гэх үү зүйл нэмэгдсэн нь “Монголоос төрсөн их аваргууд ямар нэгэн байдлаар дутагдалтай байсан. Хоошорюү тэгэхгүй гэх баталгаа хаана байна” гэсэн эргэлзсэн хандлага байв.
Тэрүнофүжи, Какүрюү нарыг энд нэрлээгүй нь баттай ч Асашёорюү, Харүмафүжи нарын зэрэг их аваргууд япончуудад “Монгол хүн дэвжээн дээр хүчтэй ч зан характерын хувьд ёкозүна цолны нэр хүндийг дааж явахад тохиромжгүй“ гэсэн дүр зургийг хангалттай үлдээсэн гэдгийг иргэдийн байр суурь, Екозүнагийн зөвлөлийн гишүүний хэлсэн үгээс ч ойлгож болохоор байв.
Тэгвэл өнгөрсөн нэг жилд Хоошорюү аварга энэ эргэлзээг тайлж, дэмжигчдийнхээ хүрээг нэмж чадсан. Дэвжээн дээр ч, амьдрал дээр ч хурц дайчин монгол аваргуудын япончуудын зүрхэнд хуруулсан шар усыг дэвжээн дээр хурц дайчин ч дэвжээний гадна найрсаг, зөөлөн Хоошорюү бага, багаар гэсгээж байна.

Дэмжигчид. Токүшима муж, Аннан хот.
Яг онолын хувьд бол, ёкозүнадаа тавьдаг япончуудын шаардлагыг бүрэн биелүүлнэ гэдэг маш хүнд, бараг боломжгүй. Мэргжлийн сүмо гэдэг их аваргаа бурханчлан шүтэхийн зэрэгцээ бүх насаараа үлгэр жишээ байх ёстой гэсэн хэтийдсэн шаардлага тавьж, алдаж гэмээ нь зодог тайлсан байсан ч хамаагүй сүмогийн хүрээнээс шахан гаргадаг өршөөлгүй хууль үйлчилдэг газар.
1980-аад оны сүүл, 1990 ээд оны эхэн үеийн Хавайн аварга биетнүүдийн дайралтыг тогтоож, 2000-аад оны эхээр монголчуудын довтолгоог няцаасаар зодог тайлсан Таканохана II-г япончууд үндэсний спортынхоо нэр хүндийг аврагч хэмээн бурханчлан шүтдэг байсан ч манай Харүмафүжи аваргатай холбоотой хэрэг дээр ёс зүйгүй үйлдэл хийнгүүт л шахаад гаргачихсан байх жишээтэй. Тэрбээр үүний дараахан эхнэрээсээ салсан гэхээр их аварга цолны нэр хүндийг хамгаалж үлгэр жишээ байна гэдэг бас л шаггүй золиос шаарддагийг харуулах мэт.
Товчхондоо, япончууд их аваргаас ганц сүмогийн дэвжээнд дээр ялагдашгүй байхыг шаарддаггүй бөгөөд дааж явна гэдэг том хариуцлага. Тэгвэл Хоошорюү аваргад энэ тал дээр япончуудад найдлага төрүүлж, бусад монгол аваргуудаасаа ялгарсаар. Тэрбээр япончуудын зүрх сэтгэлд хадгалагдаж үлдсэн өмнөх их аваргуудын талаарх төсөөлөл, дүр зургийг шинээр бүтээж явна.

Тэр хэрээр дэмжигчид ч нэмэгдэж, бүс нутгуудад дэмжигчдийн клубүүд байгуулагдаж, кэшёо маваши буюу гоёлын маваши бэлэглэх, дэвжээнд гарах ёслол үйлдүүлж нутаг усныхаа хийморийг өргөх үйл ажиллагаанууд олшрох болжээ. Их аварга одоогоор 25 орчим гоёлын маваши бэлгэнд аваад байгаа. Энэхүү кэшё мавашины тоо нь тухайн бөхийн нэр хүнд, дэмжигч, ивээн тэтгэгчдийг илэрхийлдэг бөгөөд сүүлд тусад нь мэдээлэл бэлтгэж хүргэх болно.

1300 жилийн түүхтэй алдарт Цүноминэ сүмд болсон кэшёо маваши бэлэглэх, дэвжээнд гарах ёслол /дохё ири/ үйлдэж байна. Токүшима мужийн Аннан хот, 2025.11.28.

Шикокү бүс дэх дэмжигчдийн холбооны тэргүүн, Токүшима муж дахь Монгол Улсын өргөмжит Консул Каваүчи Широ
Сүмо бөхийн брэнд зардаг онлайн дэлгүүрээр зочлоход манай хүнийх дуусчихсан, Ооносато, Котозакүра, Аонишикигийн юмнууд байж байх жишээтэй. Энэ бол 2025 оноос үлдэх нэг том амжилт мөнөөсөө мөн юм.


Шинэ ондоо, шинэ зорилго руугаа шинэ цол, илүү дэмжлэгтэйгээр зүтгээрэй, аварга аа
Хоошорюү их аварга болсноосоо хойш гэмтэл бэртлээс салаагүй. Гэсэн ч гүйцэт барилдсан гурван тэмцээндээ гурвууланд нь аваргын төлөө өрсөлдөж үзүүрлэлээ.
“Их аварга хүн түрүүлэх ёстой” гэсэн шүүмжлэл байсан. Сүмод анх орсноос нь хойш л дагасан авга ах Асашёорюүтай харьцуулдаг байдал ч энэ хооронд тасралтгүй үргэлжилсэн. Өөрөө мэргэжлийн сүмод элсэж ороод доод гурван зиндаанд нэг, нэг л тэмцээн зарцуулан макүшитад дэвшиж, Асашёорюү ахынхаа амжилтыг давтаад ийм болгочихсон юм.
Энэ мэт асуудлууд байсан ч ажралгүй зүтгэж, тэмцсээр олон улсад ч дэмжигчидтэй болж, оргилоо ч буцааж эзэллээ.

Лондон башёд түрүүллээ
Гэмтэл бэртэл, цол, сэтгэлзүйтэйгээ давхар өрсөлдөн тэмцсэн нэг жилийг аварга маань ямар ч байсан амжилттай давж, зүүн жигүүрийн ёкозүна буюу дэд зиндааны бүх бөхчүүдээ тэргүүлсэн байдалтай Хацү башётой золгож байна.
34 жилийн дараа Британийн Лондонд болсон башёд түрүүлж, цолныхоо нэр хүндийг хамгаалсныг ч дурдах ёстой.
Ийнхүү амаргүй ч өөрт өгөөжтэй нэгэн жилийг амжилттай даван тууллаа. Бөх гадарладаг хүмүүсийн хэлэх нь, аваргын төлөө өрсөлдөж чадаж байгаа л бол түрүүлэх нь гарцаагүй. Цол авснаас хойш эхний түрүүгээ авчихвал цаашдаа онгойно гэнэ.
Эх орондоо гавьяагаа үнэлүүлэн урамшсан нь ирэх тэмцээний түрүүг авахад дэм болох болтугай.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.36
Woow estoi goy
Хариулах