ВЕНЕСУЭЛЬ: Н.Мадуро унасан ч холбоотнууд нь засагласаар буй Венесуэлийн ирээдүй хэрхэх вэ

Х.Батсайхан
2026/01/05

АНУ өнгөрсөн бямба гарагт Венесуэлийн нийслэлд цэргийн тусгай ажиллагаа явуулан Ерөнхийлөгч Н.Мадурог гэргий Силия Адела Флоресийнх нь хамт баривчилсан билээ. Энэхүү дуулиант үйл явдлын талаарх мэдээллийг тоймлон хүргэж байна.

Цэргийн ажиллагаа, Н.Мадурогийн баривчилгаа хэрхэн явагдав, ямар хохирол гарсан бэ

АНУ-ын  Венесуэльд явуулсан цэргийн тусгай ажиллагаа нь “Үнэмлэхүй шийдвэрлэх ажиллагаа” /Operation Absolute Resolve/ хэмээх нэртэй байсан бөгөөд баасангаас бямба гарагт шилжих шөнө болжээ. Эхлээд Венесуэлийн нутаг дэвсгэр, тэр дотроо нийслэл Каракаст байрлэх цэргийн болон бусад зориулалттай объектуудад бөмбөгдөгч онгоц болон пуужингаар агаараас цохилт өгч, агаараас эсэргүүцэн хамгаалах системийг ажиллагаагүй болгожээ. Үүнд 150 сөнөөгч болон бөмбөгдөгч оролцсон гэсэн мэдээлэл байна.  

Үүний дараа байлдааны нисдэг тэрэгтэй тусгай албаныхан Каракаст байх Ерөнхийлөгчийн ордны гадаа газардан, хамгаалалтынхныг нь хүйс тэмтрэн устгаад Ерөнхийлөгч Н.Мадуро болон гэргий Силия Адела Флоресыг баривчилсан байна.

Үүний өмнө АНУ-ын Өмнөдийн командлалын газар Венесуэлийн Ерөнхийлөгчийн эрхэлж буй гэх хар тамхины наймааг таслан зогсоох зорилготой гэх “Өмнөдийн жад” ажиллагааг эхлүүлж, тус улсын газрын тосны танкеруудыг довтолж, хоёрыг эзэлж аваад байв.

“Operation Absolute Resolve” ажиллагаагаар 11 байршилд цохилт өгчээ. Үүнд,

-Венесуэлийн Батлан хамгаалах яам болон Жанжин штаб байрладаг “Форт Тиуна” цэргийн цогцолбор

-Генералиссимус Франциско Мирандагийн нэрэмжит цэргийн нисэх бааз

-“Ла Карлотта” цэргийн нисэх буудал

-Ла Гуайра тэргүүтэй боомтууд

-Венесуэлийн армийн Карибын тэнгис дэх цэргийн болон амралт сувиллын зориулалттай томоохон төв болох Маргарита арал

-Венесуэлийн Батлан хамгаалахын сайд Владимир Падрино Лопесын өргөө

-Куартель де ла Монтанья дахь Уго Чавесын бунхан

-Каракас дахь Түүхийн төв, Парламентын ордон

Цохилт өгсөн байршлууд

Цэргийн ажиллагааны үеэр Батлан хамгаалахын сайд Владимир Падрино Лопесыг амь насаа алдсан байж болзошгүй гэсэн мэдээлэл гарсан. Гэхдээ энэ мэдээлэл ташаа байсан бөгөөд тэрбээр ням гарагт мэдэгдэл хийж, АНУ-ын тусгай албад байж боломжгүй балмад үйлдэл хийж, Аюулгүйн албаны болон энгийн иргэдийг алж устган, Венесуэлийн төрийн тэргүүн, бүх цэргийн командлагчийг баривчилсан талаар мэдэгдэл хийсэн юм. Тэрбээр тусгай ажиллагааны явцад 40 гаруй хүн амиа алдсан гэсэн нь бусад эх сурвалжийн өгсөн мэдээлэлтэй таарч байгаа юм.

Цэргийн ажиллагаа явагдаж байх үед буюу Каракасын тэнгэрт АНУ-ын сөнөөгч онгоцууд болон нисдэг тэрэгнүүд нисэлдэж байх үед гудамжинд Венесуэлийн армийн хуягт техникүүд байсан гэнэ. Гэвч эсэргүүцэл үзүүлээгүй бололтой. Мөн Венесуэлийн хэмжээнд иргэний нислэгийг бүрэн зогсоож, хаагаад байсан аж.  

Энэхүү цэргийн ажиллагааны талаар АНУ урьдчилж мэдэгдээгүй бөгөөд хожим албаны эх сурвалжуудын өгсөн мэдээллээр, цэргийн тусгай ажиллагаа эхлүүлэх тушаалыг Д.Трамп өөрөө өгсөн гэнэ.

Венесуэль дэхь АНУ-ын ЭСЯ 2019 онд хаагдаж, Колумби дахь ЭСЯ нь хамаардаг болсон. Тус ЭСЯ цэргийн ажиллагаанаас ч өмнө иргэдэдээ хандаж Венесуэль рүү зорчихгүй байх, нэгэнтээ очсон бол яаралтай орхиж гарах, гарах боломжгүй бол байдал аюулгүй болтол байгаа газраасаа гарахгүй байх зөвлөмжүүдийг өгч байжээ.  

Бямба гарагийн өглөө Д.Трамп өөрөө мэдэгдэл хийж, Н.Мадуро болон гэргийг нь баривчилсан талаар мэдээлсэн. Үүний дараа Венесуэлийн Дэд ерөнхийлөгч Делси Родригес Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай нар сураггүй алга болсныг батлаад амьд гэдэг баталгаа үзүүлэхийг АНУ-аас шаарджээ.

Николас Мадуро “USS Iwo Jima” хөлгийн бүхээгт зорчиж буй нь.

CBS News телевизийн мэдээлснээр, Н.Мадурогийн баривчилгааг “Дельта” хүчнийхэн гардан гүйцэтгэсэн байна.

Н.Мадуро хаана байгаа, ямар хэрэг тулгаж байгаа вэ

Тэднийг эхлээд онгоцоор Нью Йорк дахь “Стюарт” агаарын цэргийн баазад хүргэж, тэндээсээ Манхэттэн рүү нисдэг зөөн, тэндээсээ машинаар АНУ-ын Мансууруулах бодистой тэмцэх газрын төв байранд хүргэж, бичиг баримт бүрдүүлсний дараа Бруклин дахь Метрополитан цагдан хорих төвд хориод буй.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Кристофер Ландау Н.Мадурог шударга шүүхэд шилжүүлнэ гэсэн бол Ерөнхий прокурор Пэм Бионди Нью Йорк дахь Холбооны өмнөд тойргийн шүүх Н.Мадуро болон эхнэрт нь хар тамхины хэрэг нээн шалгаж эхэлсэн гэж мэдэгдээд байна.   

Венесуэлийг одоо хэн удирдаж байна вэ

Д.Трамп хэдийгээр шилжилт хийх боломж бүрдтэл Вашингтон удирдлагыг гартаа авна гэж мэдэгдсэн ч Н.Мадурогийн холбоотнууд улсаа удирдсан хэвээр байна. Өчигдөр Венесуэлийн Дээд шүүхээс Дэд ерөнхийлөгч Делси Родригезыг Н.Мадурогийн оронд Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна.

Делси Родригез нь Н.Мадурогийн хамгийн ойрын хүрээний нэгэн бөгөөд тэрбээр ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ Венесуэлийн хууль ёсны ганц Ерөнхийлөгчтэй, тэр нь Николас Мадуро, Венесуэль улсаа хамгаалах болно гэж ярьсан нь Д.Трампын Мар а Лагод хийлгэсэн хэвлэлийн хурал дээр ярьснаас зөрсөн. Д.Трамп хэвлэлийн хурал дээр Дельси Родригезыг АНУ-тай хамтарч ажиллахаар зөвшөөрсөн гэж дурдсан юм.  

Өмнөд Америкт мөнхийн халуун цэг бий болох уу

Уншигчид мэдэж байгаачлан, энэхүү ажиллагааны талаар АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Мар а Лагод хэвлэлийн бага хурал хийлгэсэн. Гэсэн ч  “Венесуэлийг одоохондоо Вашингтоноос удирдана, уналтад орсон газрын тос болон эрчим хүчний салбарыг сэргээхэд Нэгдсэн улсын компаниуд тэрбум, тэрбум ам.доллар зарцуулна” гэснээс бусдаар огт хэрэгтэй мэдээлэл өгөөгүй юм. Тодруулбал, засгийн эрх мэдлийг хэнд, хэрхэн шилжүүлэх, тэр болтол хэнтэй хамтарч ажиллах, АНУ-ын компаниуд хөрөнгө оруулсан газрын тосны ордуудаа эзэмших үү, эзэмшвэл хэрхэн, ямар байдлаар эзэмших гэх мэт асуултын хариулт тодорхойгүй байна.

Тэр ч бүү хэл, өмнө нь олон жилийн турш дэмжсээр ирсэн сөрөг хүчин, тэр дундаа 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд албан бусаар ялсан гэж өөрсдөө зарлаж байсан Мария Корина Мачадогийн нөлөөлөл, чадамжийг үгүйсгэж, гарцаагүй Н.Мадурогийн талын хүн болох Дэд ерөнхийлөгч Делси Родригезийг “Вашингтонгтой хамтарч ажиллана гэсэн” гэх мэтээр ярьсан нь АНУ Венесуэлийг эвлэлдэн нэгдүүлэх гэхээсээ илүү хагалан бутаргах бодлого явуулах нь уу гэсэн сэдлийг төрүүлж буй.

Н.Мадурогийн дэглэм унасанд хэдийгээр иргэдийнх нь нэг хэсэг баярлан хөөрч байгаа ч нөгөө хэсэг нь уурсан бухимдаж буй энэ улсын ирээдүй түүхийн маш эгзэгтэй үедээ ирээд байна.      

Газрын тосны нөөцөөрөө дэлхийд тэргүүлж, байгалийн баялгаар ч дээгүүр ордог Венесуэль улс сүүлийн 27 жилд эдийн засгийн гүн хямралд нэрвэгдэж, эцэст нь улс орноо өөрсдөө удирдан залах эсэх нь ч эргэлзээтэй байдалд ороод байна. Иргэд нь сая, саяараа гадаад руу дүрвэсэн энэ улсын ирээдүй цаашид хэрхэх, урьдын байдалдаа очих уу, Сомали, Өмнөд Суданы жишгээр мөнхийн эмх замбараагүй байдалд шилжих үү гэдэг асуултын хариу одоогоор тодорхойгүй байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.