НҮБ асуудал шийдэх механизм байхаа больсон гэдгээ Венесуэль дээр дахин нэг харуулах уу

Х.Батсайхан
2026/01/05

Өнөөдөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл шуурхай хуралдана. Гэвч Сири, Украйны асуудал дээр шалдаа буутал дордсон НҮБ-ын нэр хүнд Венесуэлийн асуудалд ч адил байж, цаашид тарж бутрах замаа засна гэж үзэх хүн олон байна.

Дэлхий нийт нэгэн үе НҮБ-ыг хамгийн хүчирхэг байгууллага гэж тооцон, ямар ч үл ойлголцол гарсан зохицуулах хүчтэй гэж боддог байлаа. “Гаднын ямар нэг улс халдвал НҮБ болиулна” гэж бат нот итгэдэг байв. Гэвч тийм биш гэдгийг өнгөрсөн олон үйл явдал харуулсан, харуулсаар байна.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл байнгын таван гишүүнийхээ 100 хувийн саналаар шийдвэр гаргадаг гэдгийг бүгд мэднэ. Чухам энэ дүрэм НҮБ-ыг үүргээ гүйцэтгэхэд саад болж, улмаар иргэдийн итгэл алдахад хүргэсэн.

Сүүлд энэ байдлыг засах оролдлого явсан ч одоогоор нэгдсэн шийдэлд хүрээгүй, ер нь хүрэх шинжгүй, энэ мухардмал байдлаас гарах арга зам харагдахгүй хэвээр байна.  

Сирид энхийг сахиулагч оруулах шийдвэрийг ОХУ хориглосоор асуудлыг өөрсдийнхөөрөө шийдсэн. Венесуэлийн асуудал дээр бүр асуудлыг хэлэлцэх ч үгүй АНУ дангаар шийдвэр гаргаснаар байдал улам дордсоныг харууллаа.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерришийн төлөөлөгч Стефен Дюжаррик АНУ-ын энэ удаагийн үйлдэл нь маш аюултай жишгийг бий болгож байна гэсэн нь үүний нотолгоо юм.

Өмнө нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөл долоон жилийн өмнө АНУ, ОХУ-ын тус тусдаа боловсруулсан тогтоолын төслийг хэлэлцсэн ч аль алиныг нь батлалгүй өнгөрч байсан. Тухайн үед АНУ тогтоолын төслөөрөө ойрын хугацаанд Ерөнхийлөгчийн сонгууль явуулах зэрэг өөрчлөлт хийхийг санал болгосон бол ОХУ одоо байгаа удирдагчдыг нь хэвээр үлдээж, өөр бусад арга хэмжээг авах ёстой гэсэн саналтай байсан юм.

Дээрх саналуудын аль, аль нь өнөөх 100 хувийн саналаар асуудал шийдэх механизмаас болж унасан.

Энэ мэтчилэнгээр дэлхийн аль нэг өнцөг буланд болж буй мөргөлдөөн, хүний эрхийн зөрчил Аюулгүйн зөвлөлийн гишүүдийн эрх ашигт нөлөөлж байх юм бол НҮБ хөндлөнгөөс харахаас өөр юу ч хийж чадахгүй байдалд хүрчээ. Энэ байдлыг хэрхэн шийдэхийг одоогоор хэн ч мэдэхгүй байна.

Хэрвээ Аюулгүйн зөвлөлийн санал хураах одоогийн дүрмийг өөрчлөх юм бол ОХУ шийдвэртэй арга хэмжээ авна гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров өмнө нь нэг бус удаа мэдэгдэж байсан. Үнэхээр ч олонхийн саналаар шийддэг болсон тохиолдолд НҮБ тарж бутрах ч магадлалтай юм.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна