16 настай охиныг хөнөөсөн хэргийн Шүүх хурал хаалттай болно

Zuv.mn
3 цаг 54 минутын өмнө

16 настай Ч.Ш охины амь насыг хөнөөсөн Ц.Д, уг хэрэгт хамжигчаар оролцсон Э.Г, Э.Н нарт холбогдох хэргийн Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр болж, шүүгдэгч Ц.Д урьдчилсан хэлэлцүүлэг хийх хүсэлтээсээ татгалзсаны улмаас энэ сарын 22-нд шүүх хурлыг явуулахаар товлосон билээ. Тэрбээр урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр “хэргийн материалтай танилцах хүсэлтээ урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт хэмээн андуурч гаргасан байна ... хүсэлтээсээ татгалзаж байна ... хэргийг шүүхэд шилжүүлж өгнө үү...” гэх тайлбарыг гаргасан юм. 

Тэгвэл уг шүүх хурлыг хаалттай явуулахаар болжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус тус зааснаар гүйцэтгэх ажиллагааны нууц болон уг эрүүгийн хэрэгт насанд хүрээгүй хохирогч, гэрчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор ийнхүү хаалттай явуулахаар болсон байна. 

Прокуророос яллагдагч Ц.Д-г 2024 онд 2 удаагийн үйлдлээр хүнийг алах, мөн заналхийлэх, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орсон, эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэгт,

Яллагдагч Э.Н, Э.Г нарыг хүнийг алах гэмт хэрэгт хамжигчаар, 

Өсвөр насны яллагдагч Х.Э-г арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орох гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар тус тус оролцсон гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээд байгаа билээ. 

Хаалттай шүүх хурал Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд энэ сарын 22-ны 10.00 цагт эхэлнэ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна