Өвлийн олимпод оролцох баг тамирчдад хүндэтгэл үзүүллээ

Zuv.mn
3 цаг 46 минутын өмнө

“Милан-Кортина 2026” өвлийн олимпын XXV наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдад хүндэтгэл үзүүлэх, төрийн далбааг гардуулах ёслол өчигдөр МҮОХ-нд боллоо. 

Ёслолд ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Улсын Их Хурлын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, ССАЖЗЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Жаргалсайхан, БТСУХ-ны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Билэгт, Цанын холбооны төлөөлөл болон хэвлэл мэдээллийн баг оролцов.

Дэлхийн 90 гаруй орны 3,500 орчим шилдэг өвлийн спортын тамирчид 7 спортын 16 төрөлд, 116 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх тус наадамд Монгол Улсаа төлөөлөн гүйлтийн цанын төрөлд Батмөнхийн Ачбадрах (“Пёнчан 2018”, “Бээжин 2022” олимпын наадамд оролцогч, ОУХМ), Энхбаярын Ариунтунгалаг (ОУХМ), уулын цанын төрөлд Алтанзулын Ариунбат (ОУХМ) нар анх удаагаа оролцох гэж байна. Монголын багийн ахлагчаар Монгол Улсын Их Хурлын гишүүн Чинбатын Номин ажиллах юм.

“Милан-Кортина 2026” өвлийн олимпын XXV наадам 2026 оны хоёрдугаар сарын 6-22-ны өдрүүдэд Итали улсын Милан, Кортина д’Ампеццо хотуудад болох бөгөөд манай гүйлтийн цанын тамирчид скиатлон, спринт, 10 км гэсэн гурван зайд 2 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн уралдах бол уулын цанын слалом төрөлд 2 дугаар сарын 16-ны өдөр хурд хүчээ сорино.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна