"Их Жанжин Д.Сүхбаатарын мөрөөр" арга хэмжээ эхэллээ

Х.Есү
3 цаг 12 минутын өмнө

Монгол Улсын баатар, Их Жанжин Дамдины Сүхбаатар нь Монгол орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлөх хувьсгалын үйл хэргийг удирдаж ялалтад хүргэсэн гавьяагаараа Монгол түмэндээ үеийн үед дурсагдаж буй түүхэн хүн билээ.

Түүний мэндэлсний 133 жилийн ой 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр тохиож байгаа бөгөөд энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Их Жанжин Д.Сүхбаатарын түүхэн гавьяа, эх оронч үзэл санааг мөнхлөх, хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх, “Цэрэг–эх оронч” хүмүүжлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “ИХ ЖАНЖИН Д.СҮХБААТАРЫН МӨРӨӨР…” арга хэмжээг Дотоодын цэргийн Штаб-аас зохион байгуулж байна.

Энэхүү арга хэмжээ нь Их Жанжин Д.Сүхбаатарын амьдрал, үйл хэрэг, эх оронч үзэл, тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн түүхэн ач холбогдлыг олон нийтэд таниулж залуу үеийн эх оронч ухамсар, үнэт зүйлсийг төлөвшүүлэх ач холбогдолтой юм.

Арга хэмжээний хүрээнд Дотоодын цэргийн байгууллагын удирдах бүрэлдэхүүн, офицер, ахлагч, хугацаат цэргийн алба хаагчдыг хамарсан түүх, эх оронч үзэлд суурилсан сургалт, лекц, уулзалт, соён гэгээрүүлэх танин мэдэхүйн арга хэмжээ, цэрэг–иргэний хамтын ажиллагааг бэхжүүлэх олон талт цогц арга хэмжээнүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Мөн хугацаат цэргийн алба хаагчдын дунд  гурван төрлийн уралдаан тэмцээн зохион байгуулж, урлагийн тоглолт үзүүлэн, хамт олноо манлайлан албаа хааж буй цэргүүдийг шагнаж, урамшуулах юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна