Бөхийн чөлөөт барилдааны олимпын хошой, дэлхийн зургаан удаагийн аварга ОХУ-ын алдарт бөх Абдулрашид Садулаев АНУ-ын RAF Wrestling бөхийн лигт барилдахаар болжээ. Алдарт бөх гэрээнд гарын үсэг зурсныг лигийн зүгээс албан ёсоор баталгаажуулж, мэдэгдэл хийсэн байна.
Холбоо мэдэгдэлдээ “Бөхийн чөлөөт барилдааны дэлхийн шилдгүүдэд ганц л орон гэр байдаг. Тэр бол манай RAF Wrestling лиг юм. Абдулрашид Садулаев манай лигт өрсөлдөхөөр гэрээ байгууллаа. Бүх цаг үеийн хамгийн агуу бөхчүүдийн нэгийг угтан авч байгаадаа бид баяртай байна” гэж дурджээ.
RAF Wrestling /Real American Freestyle Wrestling/ нь өнгөрсөн оны дөрөвдүгээр сард байгуулагдсан шинэ тутам байгууллага бөгөөд Чад Бронштейн, Тэрри Фрэнсис нараас гадна манайхны нэрлэдгээр “нохой зодоон”-ы домогт тамирчин “Халк” Хоган хувь эзэмшдэг.
Тэдний зохиож байгаа лиг олон нийтийн анхааралд өртөж эхэлсний шалтгаан нь өөр төрлийн спортын тамирчдыг мэргэжлийн чөлөөт бөхөөр өрсөлдүүлдэгт оршиж буй. Хамгийн сүүлд энэ сарын 10-нд болсон эвентэд UFC холбооны аваргын төлөө өрсөлдөгч Арман Царукян холимог тулаанч Лэнс Палмер нарыг өрсөлдүүлсэн. Коллеждоо бөх барилддаг байсан Лэнсийг Арман 10:0-ээр төвөггүй ялсан байдаг.

Арман Царукян RAF 5 эвентийн үеэр
Харин ирэх сарын 28-нд Аризонад болох RAF 6 эвэнтэд олимпын аварга Хенри Сехудо холимог тулаанч, бөх суурьтай Урайя Фабертэй, Мухаммед Мокаев Брайс Мередиттэй, олимпийн медальт Фрэнк Чамизо Киган О'Тултай тулна хэмээн зарлагдаад буй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна