Авлигатай тэмцэх газар Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэхийг Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу БНСУ-ын “Эксим” банкны 148.7 сая ам.долларын хөнгөлттэй зээлээр санхүүжиж, Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Хэнтий аймагт Дулааны станц барих төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан “Грийн энержи” ХХК-ийн гэрээг хууль зөрчиж, сунгасан, ингэхдээ үндэслэлгүйгээр 2.6 сая ам.доллар нэмсэн хэмээн буруутгаж цагдан хориод буй.
Тэгвэл энэ хэрэгт Монгол Улсын зөвлөх инженер П.Товуудоржийг “Сайд байхад нь зөвлөхөөр нь ажиллаж байсан”, “Зөвлөх үйлчилгээ үзүүлэгч “Грийн энержи интернэйшнл” ХХК-тай “хамаарал бүхий” гэж буруутгаж хамт хорьсон бөгөөд үүнтэй зэрэгцэн “Грийн энержи инжин” ХХК-ийг үйл ажиллагааны түүх, боловсон хүчний нөөцгүй “цүнхний компани” гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан нь эргэлзээ төрүүлж байна.
Эргэлзээтэй байж мэдэх доорх үндэслэлүүд гарч ирж байна.
Нэгдүгээрт, Н.Тавинбэхийг “Грийн энержи интернэйшнл” ХХК-ийн зөвлөх үйлчилгээний гэрээг сунгахдаа үндэслэлгүйгээр 2.6 сая ам.доллар нэмсэн гэх. Гэвч эхний гэрээ нь 20219.07.30-2022.07.31 хүртэл гурван жилээр байгуулагдсан бол сунгалтын хугацаа нь 2022.07.31-2026.02.28 буюу гурван жил долоон сар байгаа нь дээрх мэдээлэлтэй нийцэхгүй байна.
Өөрөөр хэлбэл, хугацаа нь гэрээний үнэ өсөх үндэслэл мөн бөгөөд эхний гэрээний нийт төлбөр 9 сая ам.доллар, нэг жилд ойролцоогоор гурван сая ам.доллар байсан. Анх 148.7 сая ам.доллар байсан төслийн санхүүжилт өнгөрсөн хугацаанд 300 сая ам.доллар руу дөхөж очсон буюу бараг хоёр дахин нэмэгдчихээд байгаатай харьцуулахад АТГ-ын Н.Тавинбэх болон “Грийн энержи интернэйшнл” ХХК-д тулгаж буй буруутгал нь эргэлзээтэй юм.
Хоёрдугаарт, П.Товуудоржийг “Грийн энержи интернэйшнл”-тэй “Хамаарал бүхий” гэж үзэн хорьсон. Өөрөөр хэлбэл, П.Товуудоржийг хорьсон нь гагц “Грийн энержи интернэйшнл” ХХК-тай хамаарал бүхий” гэсэн сэжиг бөгөөд компанийн зүгээс асуудалгүй нь тогтоогдвол хэрэгт хамааралгүй гэсэн үг. Эндээс “Грийн энержи интернэйшнл” ХХК нь төсөлд ямар үүрэгтэй оролцож, ямар үр дүн гаргасан бэ гэдэг асуулт зүй ёсоор тавигдана.
“Грийн энержи интернэйшнл” ХХК 150 сая долларын зээл үр дүнгүй зарцуулагдахаас сэргийлжээ
10 аймагт ДС барих төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНСУ-ын BYUCKSAN ENGINEERING CO LTD шалгарч 2022 оны есдүгээр сарын 22-нд төслийн барилга угсралтын ажил албан ёсоор эхэлсэн байдаг. ”Грийн Энержи Интэрнейшнл” ХХК-ийн хувьд “Талбайн барилга угсралтын техникийн хяналт” хийх үүрэгтэй бөгөөд энэ хүрээнд нийт 65 томоохон зөрчил, бусад 48 зөрчил илрүүлжээ.
Тухайлбал:
Гүйцэтгэгч тал шинээр баригдах дулааны станцуудын янданг 45 метр өндөртэй барих гэж байсныг төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 60-80 м өндөртэй төмөр бетон хийцтэй байх шаардлагыг тавьж ажилласан.
Тус төслийн чухал зорилтуудын нэг нь аймгуудын агаарын бохирдлыг бууруулах байсан бөгөөд хэрэв зөвшөөрсөн бол Монгол Улсын авсан 150 сая долларын зээл үр дүнгүй зарцуулагдах нөхцөл бүрдэх байжээ.
Том төслүүд зөвлөх үйлчилгээг яагаад авдаг вэ гэвэл төслийн үр ашгийг нэмэгдүүлэх гэж авдаг. Зөвлөх үйлчилгээ үзүүлэгч компанийн үзүүлсэн үйлчилгээний дунд хэмнэгдсэн хөрөнгө, уртассан ашиглалтын хугацаа зэрэг нь тухайн ажлын үр дүн болж явдаг учиртай.
“Грийн энержи инженеринг” үнэхээр л цүнхний, боловсон хүчингүй компани байсан бол хэрэгжүүлэгч талаас тавьсан шаардлагуудыг хүлээж аваад л явах байсан. Тэгсэн бол ийм асуудал үүсэхгүй, харин төсөл хэрэгжсэний дараа монголчууд Улаанбаатарын утаа биш, 10 аймгийн утаа ярьж, жил бүр олон сая ам.долларын хохирол амсах байв.
Түүнчлэн, Баянхонгор, Говь-Алтай, Хэнтий, Өвөрхангай, Төв аймгийн төслийн ажлыг шалгаж, гадна дулааны шугам хоолой тендерийн шаардлага хангаагүй байсныг илрүүлж, солих шаардлага тавьсан. Дулааны станцын ган хоолой нь насжилт өндөртэй зэврэлт багатай (Q345B стандарт) байх ёстой бөгөөд стандарт бус зэврэлт ихтэй насжилт богино, хямд өртөгтэй (Q235) ган хоолой нийлүүлснийг ашиглахгүй байх саналыг талуудын зөвшилцөх хурал дээр удаа дараа илэрхийлж байсан нь хурлын тэмдэглэлээр нотлогддог.
Тус компани энэ тухай албан бичгийг төслийн зөвлөх толгой компанийн албан тоотоор хүргүүлсэн байдаг. ”Грийн Энержи Интэрнейшнл” ХХК нь арван аймгийн дулааны станцын төслийн явцыг хянахдаа Монгол Улсын татвар төлөгчдийн мөнгөөр эргэн төлөгдөх өндөр дүнтэй зээлийг үр ашигтай зарцуулах үүднээс мэргэжлийн ёс зүйгээ баримтлан ажилласан гэж үзэх үндэстэй.
Харин энэ компанитай холбоотой хэмээн цагдан хоригдоод буй Д.Товуудоржийн тухайд, эрчим хүчний аюулгүй байдал сэдвээр докторын зэрэг хамгаалсан, техникийн ухааны доктор цолтой, Монгол Улсын зөвлөх инженер, салбарын эксперт нэгэн бөгөөд 10 аймгийн төслийн зөвлөх үйлчилгээний гэрээг байгуулсан 2019 онд төрийн албанд ажиллаж байгаагүй аж. Тодруулбал, 2016 оноос хойш төрд ажилаагүй байж байгаад сүүлд Эрчим хүчний сайд Н.Тавинбэхийн зөвлөх, 2023 онд ЭХЗХ-д зохицуулагчаар ажиллажээ.
Эцэст нь хэлэхэд, энэ төслийг гардан хэрэгжүүлж байсан, үр дүнг хариуцаж, хариуцлагыг хүлээх учиртай БНСУ-ын “BYUCKSAN ENGINEERING” CO LTD дампуурсан. Ингэснээр шинэ гүйцэтгэгч шалгаруулж, төслийн өртөг ч төдий хэмжээгээр нэмэгдэнэ гэдгийг төсөл хэрэгжих аймгуудын Засаг даргаас өгсүүлээд салбарын мэргэжилтнүүд хэлж буй.
Тодруулбал, 10 аймагт дулааны станц барих төсөл эхлээд 148.7 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжих байсан ч өдгөө 298 сая ам.доллар оруулчихаад буй. Гүйцэтгэгч нь дампуурснаар өртөг бүр ч өсөх болсон. Гэтэл бид Монгол талаас хяналт хэрэгжүүлж ажилласан ганц зөвлөх компаниа хууль шүүхээр дарамталж, өөр хоорондоо хэрэлдэж сууна.
Энэ солонгосчууд ч гэлтгүй, ер нь гадныхан бүтээн байгуулалт нэрээр Монголд хөнгөлөлттэй зээл өгдөг. Тэрийгээ өөрийн орныхоо компаниар гүйцэтгүүлээд тэр нь мөнгөө аваад дампуураад алга болдог, хэдэн монгол хоорондоо хэрэлдээд шүүх энэ тэр болоод үлддэг нь зөв үү. Өөр олон ийм кэйс байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.118
Эхнэрийнхээ нэр дээр компани байгуулаад өөрийн хамаарал үүсгэж төслийн мөнгөнөөс хусаж байсан гээ биз дээ Тийм сайн, шударга юм бол өөрөө сайдын зөвлөх, төслийн удирдлагад орллгүйгээр хувийн компанидаа ажиллахгүй яасан юм бэ
Хариулах66.181.184.176
Сүүлд гэдэг огноо байхгүй шүү. Тавинбэхийг сайд үед зөвлөх нь байсан. 2019 оноос гэсэн үг.
Хариулах