Мэргэжлийн сүмогийн оны эхний тэмцээн хацү башё Токио хотын “Рёгокү Кокүгикан” ордонд 15 өдрийн турш үргэлжилж өчигдөр өндөрлөлөө.
Тэмцээнд Украины бөх, “Ажигава” дэвжээний хүчтэн, шинэхэн озэки Аонишики маэгашира Атамифүжиг нэмэлт барилдаанд ялснаар 12-3 амжилтаар түрүүлж, “Эзэн хааны цом”-ыг хоёр дахь удаагаа гардсан юм. 2025 оны арваннэгдүгээр сарын тэмцээнд түрүүлж, Европоос төрсөн дөрөв дэхь озэки /Болгарын Котоошюү, Эстоны Барүто, Гүржийн Точиношин нарын дараа/ болсон тэрбээр ирэх гуравдугаар сарын тэмцээнд ёкозүна цолны болзол сонсох нь нэгэнт ойлгомжтой болоод байна.
Украины дайны цэрэг татлагаас арай гэж мултран Германд цагаачилж, тэндээсээ Япон руу гарсан Данило Явхусишин хэмээх Аонишики энэ удаагийн тэмцээнд ”Рёгокү Кокүгикан“ ордонд Эзэн хааны цом хүртэх” мөрөөдлөө биелүүлээд зогсохгүй, окэки цолтой барилдсан эхний тэмцээндээ шууд түрүүлсэн анхны бөх болсон юм. Түүнээс өмнө 69 дэхь их аварга Хакухо л 2006 онд ийм амжилтыг гаргаж байжээ.
Түрүүлэх болзлоо хангасны дараа Рёогокү Кокугикан ордонд, үзэгч, дэмжигчдийнхээ өмнө сэтгүүлчид өгсөн түүний ярилцлагыг хүргэж байна.
-Дараалсан ялалт байлаа. Аонишики озэки, танд баяр хүргэе.
-Маш их баярлалаа /Төрвөн тийш харж үзэгчдэд мэхийн ёслов/
-Та сая дөрвөн зүгт мэхийж хүндэтгэлээ. Танд яг юу бодогдов?
-Маш их л баярлаж байна...
-Та Кюшюү башёд түрүүлсэн. Энэ удаад дахиад түрүүллээ. Өмнөх түрүү, энэ удаагийн түрүүний хооронд ялгаа мэдэгдэж байна уу?
-Миний байр суурь өөрчлөгдсөн учраас энэ тэмцээнд өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй хурцадмал байдлыг мэдэрлээ. Гэсэн ч хүмүүсийн дэмжлэгийн ачаар түрүүлж чадсандаа баяртай байна.
-Энэ түрүүгээ “Рёогокү Кокүгикан”-д хүртлээ?
-Мэргэжлийн сүмод орохоосоо өмнө “Рёогокү Кокүгикан”-д түрүүлж үзэх сэн, их саяхан байна байх даа” гэж боддог байсан. Тэр өдөр ийм хурдан ирнэ гэж санасангүй. Баяртай байна...
-Атамифүжи та хоёрын ялалт, ялагдал тэнцүү байсан. Өнөөдрийн тэмцээнд сэтгэл зүй ямар байсан бэ?
-Бүх хүчээ дайчилж, харамсах зүйлгүй барилдъя л гэж бодсон.
-Атамифүжи эхэлж барилдаад өрсөлдөгчөө унагасан нь таны сэтгэлзүйд нөлөөлсөн үү?
-Атамифүжитэй нэмэлт барилдаан хийхээс өмнө би эхлээд Котозакүраг ялах ёстой байсан. Тийм болохоор өмнөх барилдаандаа л анхаарсан. Сэтгэлзүйд онц нөлөөлөөгүй.
-Озэкиг ялж, Атамифүжитэй нэмэлт барилдаан хийхээр болсон. Барилдааны эхэнд өрсөлдөгчдөө баруун мавашины барьц алдсан. Тэр үед юу гэж бодсон бэ?
-Барьц алдсан ч байрлалаа алдаагүй бол зүгээр гэж бодсон. Тэр үеийг тэвчиж, доош бөхийн, үндсэн байрлалаа авч чадсандаа баяртай байна.
-Өрсөлдөгч чинь унах үед юу мэдэрсэн бэ?
-Итгэж чадахгүй байсан.
-Өнөөдөр түрүүлснээрээ та сүүлийн 20 жилд түрүүлсэ н анхны шинэ озэки болсон. Сэтгэгдэл ямар байна?
-Энэ талаар мэдээгүй. 20 жил... Энэ амжилтад хүрснээрээ маш их бахархаж байна.
-Тэмцээний сүүл хэсэгт та “Ажигава” оякатагийн мавашиг өмсөх болсон. Багшийнхаа мавашитай түрүүлэх ямар байна?
-Тэмцээний үеэр багш маань мавашигаа үзүүлээд “Өмсмөөр байна уу” гэж асуусан юм. Тэр үед “Ийм боломжийг алдаж болохгүй” гэж бодсон /Үзэгчид инээлдэв/
-Багш нь баялаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Багшдаа энэ талаар яаж хэлэх вэ?
-Зүгээр л “Таны ачаар түрүүлж чадлаа” гэж хэлнэ.
-Дараагийн тэмцээнд ёкозүна цолны төлөө өрсөлдөх нь... /Үзэгчид орилолдов/ Жаахан эрт байж мэдэх ч дараагийн тэмцээний талаар бодож байна уу?
-Илүү сайн барилдахын тулд хичээх болно.
-Одоо та юу хийх вэ?
-Багштайгаа л хурдхан уулзмаар байна...
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна