Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Чикаго буллз” баг Деррик Рөүзийн “1” дугаарыг мөнхөллөө.
М.Жорданы дараа “Чикаго буллз”-д гялалзсан хамгийн тод од тэрбээр өөрийн шүтээнийхээ “23” дугаарын дэргэд өөрийн “1” дугаарыг мөнхлүүлсэн байна.
Чикаго хотод төрж, “Чикаго буллз” багийг дэмжин, Майкл Жорданыг шүтэн биширч өссөн Деррик Рөүз спортын ахархан замналдаа тод бөгөөд харамсалтай түүхийг бичиж үлдээсэн билээ.
“Чикаго буллз” баг “United center” ордондоо Деррик Рөүзийн дугаарыг мөнхлөх болсон талаар сонсоод Майкл Жордан “…Би чамаар маш их бахархаж байна. “Юнайтед Центер”-т очиж, чиний өмсгөл, миний өмсгөлийн дэргэд өлгөөтэй байхыг харахыг тэсэн ядан хүлээж байна. Чи итгэмээргүй замналыг өнгөрүүлжээ. Баяр хүргэе” гэжээ.
“Буллз”-ын өөр нэг домог Скотти Пиппен харин “Энэ үйл явдлын нэг хэсэг байх нь нэр төрийн хэрэг. Деррик, баяр хүргэе. Чи “Чикаго буллз” багийн мөн чанарыг илэрхийлж байна. Энэ хотод итгэж байгаад баярлалаа. Бүхнээ зориулсанд баярлалаа. Дараагийн үеийнхэнд урам зориг өгсөнд баярлалаа. Чи “Буллз” байсан, үргэлж байх болно. Баяр хүргэе. Бидэнтэй хамт оргилд гараарай” гэжээ.
Деррик Рөүзийн замналын онцлох үзүүлэлтүүд
“Шилдэг шинэ тоглогч” (20 нас)
Хамгийн залуу “Үнэ цэнэтэй тоглогч“ (2011 онд 22 настайдаа)
Бүх оддын тоглолтод гурван удаа оролцсон (21, 22, 23)
ҮСБХ-ны хамгаалалтын нэгдүгээр багт нэг удаа багтсан (22 нас)
Хоёр удаагийн алтан медал FIBA (21, 25)
Деррик Рөүз 2012 оны плей оффын эхний шатанд зүүн өвдөгний урд чагтан холбоосоо тасалж, түүнээс хойш өвдөг, шагайдаа бэртэл авч, амжилт нь уруудсан. Гэсэн ч багаа ялуулахын төлөө байгаа бүхнээ дайчлан зүтгэж байсан тэрхүү он жилүүд үзэгч бөгөөд багийн удирдлагуудад үүрд дурсагдах гүн сэтгэгдэл төрүүлж чадсан билээ.
Багийн удирдлагууд өнгөрсөн бямба гарагт “Бостон”-той хийсэн тоглолтын дараа агуу тоглогчдоо зориулан ёслоын арга хэмжээ зохион байгуулж, “1” дугаарыг нь Майкл Жорданы “23”, Скотти Пиппений “33”, Боб Лавын “10”, Жерри Слоаны “4” дугаартай зэрэгцүүлэн мөнхлөв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна