Хэзээ ч ч билээ, хэн ч билээ, “Энэ хэргийн цаана асар том бүлэглэл байна” гээд хэлчихсэнээс хойш энэ хэллэг моодонд орж, ноцтой ноцгүй асуудалд хэрэглэгдэх болсон билээ. Тэгвэл ХХААХҮЯ-ны газрын дарга асан Э.Батбаяр, түүний ах УИХ-ын гишүүн, Барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан нартай холбоотой хэрэг явдалд яг ийм дүгнэлт хийж болохоор санагдана. Өөрөөр хэлбэл, Э.Батбаяр ч, Э.Бат-Амгалан ч хэн нэгний өмнөөс бизнес хийж, улс төрд орж, хүний юм хөдөлгөж явуулж байгаа мэт. Анзаарах ёстой ноцтой баримтууд байна.
Нэгд, “Хосмөнгөн зам” ХХК-ийн данснаас 6.8 тэрбум төгрөгийг Э.Батбаярын эхнэр Э.Энхмаагийн “Би Эй Ти девелопмент партнерс” ХХК руу шилжүүлсэн Р.Батбаяр буюу УИХ-ын гишүүн Б.Пунсалмаагийн нөхөр Р.Батбаяр нь тус компанийн дансанд 90 орчим тэрбум төгрөг татан төвлөрүүлж, түүнийгээ нааш, цааш нь болгосон байж болзошгүй байгаа. Өөрөөр хэлбэл, 6.8 тэрбум төгрөг бол энэ их мөнгөний зөвхөн нэг хэсэг буюу Э.Батбаяр, Э.Бат-Амгалан нартай холбоотой хэсэг нь юм.
Хоёрт, Э.Бат-Амгалан сайд, түүний дүү Э.Батбаяр нарын асар хурдан баяжсан түүх. 2008 оноос хойш төр, олон нийтийн ажил тасралтгүй хийсэн намтартай Э.Бат-Амгалан өдгөө Монголын тэрбумтнуудын нэг болсон. Түүний хувь эзэмшдэг барилгын компани Баянзүрх дүүрэгт “Кайду молл” худалдаа үйлчилгээний төв, “Кайду сити” 1128 айлын орон сууцны хотхон барьж асар хурдан хөрөнгөжсөн. Нэр дурдагдсан төслүүдийн хөгжүүлэлт “Хосмөнгөн зам” ХХК-иас Р.Батбаярын үйлдсэн сэжигтэй гүйлгээнүүдээс хойш байгааг ч энд дурдах ёстой.
Дүү Э.Батбаяр нь Сангийн яам, ХХААХҮЯ-нд ажилласан намтартай төрийн алба хаагч. Гэтэл одоо жилд 300 тэрбум төгрөгийн борлуулалт хийдэг “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн эзэн болчихсон явна.
“Зэс эрдэнийн хувь” ХХК нь угтаа эрдэнэтчүүдийн санаачилгаар бүтсэн төсөл. Чухамдаа 24500 эрдэнэтчүүд байсан тулдаа л овоолго ашиглах зөвшөөрөл авч чадсан. Гэтэл хувьцаат компани болох боломж олгоогүй. Өөрөөр хэлбэл, хөрөнгөө оруулж эзэмшсэн хувьцаагаа хоёрдогч зах зээл дээр гаргаж жаахан ч гэсэн өсгөж зарах боломжийг нь хүчээр хааж байгаад хувьцааных нь үнэлгээг 9.5 дахин бууруулсан зэрэг хууль хяналтынханд очсон олон асуудал байдаг.
Ах, дүүсийн холбоотой байж болзошгүй хоёр хэргийг бичихэд л хуулийн байгууллагад "Шалгагдаж байгаа" гэсэн үг их таарч байгааг уншигчид анзаарч байгаа байх. Уг нь маш тодорхой.
Гадаадын хөрөнгө оруулалттай компанийг луйвардаж хохироосон байж болзошгүй хэргийг хохирогч нь өөрөө илчилсэн. Энэ хэрэгт холбоотой компаниас Э.Батбаярын эхнэрийн компани руу /Э.Бат-Амгалан өөрөө "Би Эй Ти девелопмент партнерс" ХХК-ийг манай дүүгийн компани гэж хүлээн зөвшөөрсөн/ олон тэрбум төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгөөр нэр бүхий улстөрчдийг /улстөрч биш, улстөрчид шүү/ санхүүжүүлсэн байж болзошгүй гэх мэдээлэл хуулийн байгууллагад очсон. Э.Батбаярын төрсөн ах нь Э.Бат-Амгалан. Улстөрч. Сонгуулийн кампанийг нь санхүүжүүлсэн. Ийм л энгийн асуудлыг хэвлэлүүд бичээд байгаа юм. Э.Бат-Амгалан дүүгийнхээ бизнест оролцдог байна уу, үгүй юу гэдэг нь энд ер хамаагүй.
Э.Батбаярын "Хосмөнгөн зам"-ын хэрэг гэхэд татан төвлөрүүлсэн гэх 90 тэрбум төгрөг хэнээс орж ирсэн бэ, Сонгино-Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн концессын төлбөр мөн байсан уу. Тэр мөнгөний хэд нь хаашаа гарч, хэнд очив гэдгийг тогтооход болох асуудал. Маш амар хялбар байдлаар мөрдөөд том хэрэг илрүүлэх боломжийг атгах эсэх дээр одоо хуулийн байгууллагад найдсан хүлээлт үүсэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна