Сноубордын спортын "Үнсгэлжин"

Zuv.mn
2 цаг 33 минутын өмнө

-Дунд сургуулийн сурагч охин олимпын аварга боллоо-

“Милан Кортина 2026” олимпын наадмын сноубордын хафпайпын тэмцээн дуулиан шуугианаар дүүрэн болж БНСУ-ын 17 настай, дунд сургуулийн сурагч охины ялалтаар өндөрлөлөө.

Олимпын хошой аварга Хлоэ Кимд гурав дахь алт нь ойрхон байсан ч тэрээр азгүйтэж унаснаар энэ олимпын нэгэн содон мөчийг бий болоход хувь нэмрээ оруулчихав.


Урьчилсан шатанд Хлоэ 90 гаруй оноогоор тэргүүлсэн бол Гаон Чой дөнгөж зургадугаар байраар шигшээ шатанд шалгарсан. Олимпын аварга шигшээ гурван оролдлогынхоо нэгийг 88 оноотой дуусгачихаад бараг л алт халаасанд нь ороод ирчихлээ гэж бодсон байх. Ядаж байхад 17-той сурагч охин эхний үзүүлбэртээ унаж, толгойгоороо цас руу шааж унасан. 


Босохгүй нэлээд удаан хэвтсэн түүнд эмчийн тусламж үзүүлсний дараа өвдгөө гэмтээсэн нь тодорхой болж, алхахад ч хэцүү байгаа харагдсан бөгөөд энэ үед түүнийг аварга болно гэдэгт үзэгчид ч, тэр өөрөө ч итгээгүй юм. “Эхний оролдлогодоо унасны дараа би тэмцээнийг үргэлжлүүлж чадахгүй болчихлоо гэж бодоод их уйлсан” гэж аварга маань сүүлд ярилцлага өгөхдөө хэлсэн байна.


Гаон Ким уйлж дуусчихаад тэмцээнээ ямар ч байсан үргэлжлүүлнэ гэж шийдсэн ч бас л унаж орхисон. Гэсэн ч сүүлчийн боломжоо чулуу болгож, 90,25 оноо авснаар БНСУ-ын дунд сургуулийн охин олимпын аварга болсон дуулианыг дэгдээж, үнсгэлжингийн үлгэрийг амилуулах нь тэр ээ.

Энэ үзүүлбэрийнх нь дараа Ким нэхэгчийн дүрд тэр даруй шилжиж, хүндрэлүүдээ нэмсэн ч унаснаар мөнгөн медальтайгаа эвлэрэхээс аргагүй болсон юм.


  

“Милан Кортина 2026”. Сноуборд. Эмэгтэй. Хафпайп

1. Гаон Чой (БНСУ) — 90.25 

 2. Хлоэ Ким (АНУ) — 88.00 

 3. Мицуки Оно (Япон) — 85.00 

 4. Сара Шимизу (Япон) — 84.00 

 5. Рисе Кудо (Япон) — 81.75



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна