Э.Батсайхан: Ирж буй гал морь жил хур бороо элбэг дэлгэр сайхан зунтай, тариа будаа, жимс, ногоо арвин сайхан жил болно

Х.Батсайхан
2 цаг 33 минутын өмнө

Могой жилээ үдэж, морь жилээ угтах дөхсөн энэ үед бид Зая гэгээний гүшог дацангийн хурлын лам Э.Батсайхантай уулзаж, ирж буй XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морь жилийн өнгө зурхайн ухаанд хэрхэн буусан талаар ярилцлаа.

-Сарны хуанли хэрэглэдэг дорнын улс орнууд удахгүй шинэ жилтэйгээ учран золгох гэж байна. Монголчууд дорнын тоололд илүү ач холбогдол өгч, ирэх жилийн өнгийг шинжин явдал мөрөө тохируулдаг сайхан уламжлалтай. Та манай уншигчдад ирж буй жилийн өнгийг айлдахгүй юу. Ирэх жил таны зурлагад хэрхэн буув?

-“Зөв.мн сайтыг үзэж, уншиж байгаа нийт олон та бүхний энэ өдрийн амар амгаланг эрж, ирж буй “Сүрээр дарагч” хэмээх гал морь жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин сайхан учран золгохын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье. Жилийг шинжпэг хоёр зүйл байдгийн нэг нь шороон үхрийн зурлага.

Шороон үхрийн зурлагад гал морин жилийг нялхаст ээлтэй жил гарна гэж буусан. Тэгэхээр ирэх жилд Монгол эх оронд минь ирээдүйд хэрэг болох олон сайхан хүүхэд нялхас мэндэлж, энэ хүүхдүүд маань гай зовлон, цаг бусын хорлолоос хол байж, эсэн энх торнихын бэлгэдэлтэй сайн жил байх нь. Хамгийн чухал нь, цаг үе нь нялхаст ямар байх нь зурхайн зурлага дээр тодорхой хэмжээгээр гарсан байна.

Гэхдээ хүүхэд нялхасаа ямар байлгах нь бид бүхнээс хамааралтай. Бид бүхэн хүүхэд нялхасаа асарч, хамгаалж, цаг үргэлж зөв үлгэр дуурайллыг үзүүлж, зөв араншин, зөв харилцаа хандлагатай байх юм бол үр хойчис маань айх айдас, аюул осолгүй, цаашлаад ирээдүйд Монголын нийгэм хүртэл сайн сайхан болох болно.

Залууст дунд суудалтай. Энэ бол залуус маань хөгжил дэвшил, амьдрал ахуй, амжилт бүтээлийн төлөө зөв зүйлийг хичээж, зүтгэж, сайн, сайхан цаг үе рүү тэмүүлэх хэрэгтэй гэсэн зурлага гарсан гэсэн үг.

Өтгөс дээдэст ээлтэй сайн жил болно.

-Тэгэхээр, дунд зэрэг, дунд суудалтай гэдгийг тааруухан, ер нь сайн биш гэхээсээ илүү дээшлэн дэвших, уруудан доройтох хоёрын аль нь ч байж болно, хэрхэх нь гагцхүү тухайн хүний хичээл зүтгэлээс шалтгаална гэж ойлгож болно гэсэн үг үү?

-Монгол хүн амны билгээр гэдэг. Монголчууд морио дээдэлдэг ард түмэн. Дээр нь монголчуудыг гал махбодьтой гэж эрт дээр үеэс ярьж ирсэн. Хятад хүн бол шороон махбодьтой, газар шороогоо хүндэлж, дээдэлж байж тэндээсээ ашиг шим авдаг. 

Япон, солонгос хүн бол усан махбодьтой, ус, далай тэнгисээ шүтэж дээдэлж байж тэндээсээ сүр хүчийг авдаг. Тэгвэл монголчуудыг гал махбодьтой. Дээр нь жилийн тодотгол нь “Сүрээр дарагч” гэж бий. Энэ бол ирэх жилдээ Монгол орны минь сүр жавхаа, нийгэм эдийн засаг, цаашлаад Монгол орны хөгжил дэвшил дэлхийд ноён нуруугаа харуулж бид бүхний өнгийг тодотгох, дэлхийд танин мэдүүлэх сайхан жил байх болов уу. Монголчууд гал махбодьтой учраас бид бүхнийг хөгжил дэвшилд хүргэсэн их сайхан жил болно.

Цаашлаад, энэ жил нэг цагаан мэнгэтэй, хур бороо элбэг дэлгэр сайхан зунтай, тариа будаа, жимс, ногоо арвин сайхан жил болно гэж шороон үхрийн зурлагад буужээ.

-Энэ жилийг 60-нд ганц тохиох сайн жил гарч байгаа гэсэн яриа байна. Энэ ямар учиртай вэ?

-Дорнын тоолол 12 жилтэй, жил бүр нь мод, ус, гал, шороо, төмөр таван махбодтой. Энэ бүгд нэг, нэг тохиоход 60 жил буюу нэгэн жаран болно. Тэгэхээр, 60 жил дотроо бүх жил онцгой бөгөөд дахин давтагдашгүй байдаг гэж ойлгож болно. “Сүрээр дарагч” гал морь жил ч яг ийм, XVII жаран дотроо давтагдашгүй жил юм.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна