“Рио Тинто”, “Гленкор”-ын нэгдэх хэлэлцээр цуцлагдлаа

Х.Батсайхан
3 цаг 17 минутын өмнө

-Энэ нь "Оюутолгой" ХХК-д хэрхэн нөлөөлөх вэ-

Дэлхийн уул уулхайн хоёр аварга Рио Тинто, Гленкор группууд нэгдэж, дэлхийн хамгийн том уул уурхайн компанийг үүсгэх хэлэлцээр цуцлагджээ.

Хоёр аваргын нэгдэл нь цэвэр ашгийн төлөө буюу шунал дээр үндэслэгдэж байсан. Тодруулбал, технологийн салбарт хэрэглэгддэг зэс зэрэг элементийн хэрэгцээ олборлолтоос эрс өндөр болж, үнэ ханш нь тухайн зах зээлийнхээ хэчнээн хувийг хянаж байгаагаас шалтгаалах магадлал өндөр байгаа тул хоорондоо нэгдээд нийлүүлэлт, үнэ ханш дээр тоглох сонирхол аль, алинд нь байсан учраас энэ хэлэлцээр эхэлсэн юм.

Гэвч явцын дунд хоёр тал эрх мэдлийн хуваарилалт тал дээр зөрүүтэй байр суурь баримталж, улмаар хэн, хэн нь бууж өгөлгүй байсаар хэлэлцээр нь бүтэлгүйтсэн байна. Том нэгдэл үүсэж, чухаг түүхий эдийн үнэ ханшийг хянах оролдлого нь БНХАУ-ын ашиг сонирхолтой зөрчилдөх учир хэлэлцээр бүтэлгүйтэхэд БНХАУ шийдвэрлэх нөлөө үзүүлсэн гэсэн мэдээлэл ч гарч байна.

Хэлэлцээр цуцлагдсантай холбоотой гарч байгаа мэдээ, мэдээллийг харвал, энэ хоёр групп нэгдэх санаа нь цаасан дээр харвал үнэхээр олз ашиг авчрах ч яг мэргэжлийн түвшинд яриа хэлэлцээр хийгээд ирэхэд ашиг сонирхол нь хүчтэй зөрчилдсөн гэнэ.

Ялангуяа эрх мэдлийн хуваарилалт дээр Рио Тинто илүү шунаг байж, өөрийн дүрмийг тулгасан бөгөөд энэ нь “Гленкор”-ын "Та нар бидний хөрөнгө, мөнгөн урсгал, худалдааны хөдөлгүүрийг хүсч байгаа ч шийдвэр гаргалтад үзүүлэх нөлөөллийг маань хүсэхгүй байна" гэсэн мэдэгдлээс тодорхой харагдаж байгаа юм.

Энэхүү хэлэлцээрийн Монгол Улсад хамаатай зүйл гэвэл, Оюутолгойн ордын олборлолтыг хэрхэн төлөвлөх асуудал юм. Тодруулбал, өсөн нэмэглдэх хэрэгцээ нь зэсийг илүү чухаг болгох бөгөөд энэ үед үнэ өсөх учир нөөц, жил бүрийн олборлолт илүү чухал болж хувирна. Олборлолтоо зохистой хэмжээнд барьж, олон жил ашиглах тусам өгөөж өндөр байх магадлалтай гэсэн үг. Тиймээс, “Гленкор”-той нийлээд жилд сая тонн зэс олборлодог нэгдэл үүсгэж, нийлүүлэлтийг хянах замаар үнэ ханш дээр тоглох сонирхолтой “Рио Тинто” “Оюутолгой”-н олборлолтын хэмжээг хэрхэн төлөвлөх нь анхаарал татаж байна.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна