Тайрелл Корбин Монголын сагсанбөмөгийн лигт тоглож байсан тухайгаа АНУ-ын хэвлэлд ярьжээ

Zuv.mn
2 цаг 47 минутын өмнө

ҮСБХ-нд тоглох бололцоо олдоогүй боловч өөр газар тоглоод ч амжилт олж болно гэдгийг харуулсан нэгэн сагсанбөмбөгч бий. Тэр бол Тайрелл Корбин юм. Манай Дээд лигийн 2015-2016 оны улиралд “Хасын хүлгүүд” багт чамлахааргүй амжилттай тоглож, сагсанбөмбөг сонирхогчдод танигдаад амжсан тэрбээр desertnews.com цахим хуудсанд манай сагсанбөмбөгийн лигийн тухай, манай улсын тухай ярьжээ. Тайрелл гэж хэн болох, юу гэж ярьсныг сонирхоё.

Гиннессийн дээд амжилтын төлөө...

“Дэлхийн хамгийн олон улсын сагсанбөмбөгийн дээд лигт тоглож дээд амжилт тогтоох хүсэл тээж яваа” гэх түүний тухай мэдээлэл тухайн үедээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан. Дунд сургуулийнхаа шигшээ багт хамгаалагчаар тоглодог байсан Тиррел Бейкерсфильдийн Кал Штадт коллежийн багт хоёр жил тоглосныхоо дараа дэлхийн өөр, өөр улсуудад очиж сагсан бөмбөг тоглох зорилгоор анх хилийн чанадыг зорьж байжээ. Тэгээд тэрбээр хоёр жил гаруйн хугацаанд Черногор, Монгол, Индонези гэсэн гурван улсын сагсан бөмбөгийн лигт тоглосон аж.

Тэрээр эхлээд Черногорын дээд лигийн “KK Jedinstvo Bijelo Polje” багт тогложээ. Гэвч баг нь санхүүгийн хямралд орсноор тоглогчид нь тарж эхэлсэн аж. “Эзэн бүх тоглогчдод цалин өгч чадахгүй болох үед багт асуудал үүссэн. Ийм нөхцөл байдалд дэндүү удаан үргэлжилсэн учраас би явахаар шийдсэн” гэж тэрээр Чернгорт өнгөрүүлсэн үеэ дурсжээ.   

Түүний очсон хоёр дахь улс нь Монгол. Тэрээр Монголд очсон тухайгаа “Азаар нэг агент надад Монголд тоглох боломж байгааг хэлж” гэх мэтээр тун ч эергээр дурсчээ. Өөрийнх нь хэлснээр бол цаг агаараас бусад бүх зүйл нь “ок” байсан гэнэ. “Монголд үнэхээр сайхан байсан. Даанч маш хүйтэн. Бараг очсон эхний гурван сард нь 0-ээш доош хэмтэй байсан байх” гэж хэлээд инээсэн гэнэ.

Тиррелийн аяллын талаар цааш нь нийтлэлд бичсэнээр хүргэе. 

Тиррелл “Хоол унд нь сайхан. Манай хотод “Burger King”, “Pizza Hut”-ын сүлжээ байдаг” гээд инээв. Түүнд Монголын сагсанбөмбөгийн фанатууд ч таалагджээ. “Хөгжөөн дэмжигчидл нь үнэхээр гайхалтай. Би лигийн сайн багуудын нэгд тоглож байсан, дажгүй ч амжилт гаргасан. Тиймээс хөгжөөн дэмжигчид бараг өдөр болгон надтай уулзаж, хоолонд орж, эсвэл дэлгүүр хэсдэг байсан” гэжээ. “Энд тэнд хүмүүс зураг авхуулья энэ тэр гээд л, эхэн үедээ үнэхээр балмагддаг байсан” гэж Тиррелл дурсав. 


Улирлын шилдэг шинэ тоглогчийг тодруулах санал асуулгыг үзэгчдийн дунд Фейсбүүкээр, мөн дасгалжуулагчдын саналаар тодруулахад Тиррелл тэргүүлж, шагнал хүртжээ. “Энэ бол миний хувьд үнэхээр том үйл явдал байсан. Хүнд хүчир ажил хийсний дараа шагналаа хүртэх үргэлж сайхан байдаг шүү дээ”. “SBL Hasiin Khuleguud” баг нь сайн тоглож лигийн финалд үлдсэн ч хожигджээ. Тиймээс дутуугаа гүйцээх зорилгоор дахин нэг улирал тоглоод тэрээр Монголоос Индонези рүү хөлгийн жолоо залсан байна.

“Монгол орон надад үнэхээр таалагдаж байсан ч бизнес бол бизнес шүү дээ. Би өөртөө арай илүү ашигтай зүйл хийх ёстой болсон. Улиралаас улиралд илүү чадваржихыг л би хүсч байлаа. Тэгээд Индонезид очсон. Надтай холбогдож, ирж тоглооч гэсэн юм. Тэгээд би дахиад жаргалтай болсон. Хэн нэгэн миний тоглолтыг үзэж, өөрсдийнх нь төлөө тоглоосой гэж хүсч байгааг мэдэрнэ гэдэг сайхан шүү дээ”.  

Индонезид очсон эхний улиралдаа тэрээр 24.9 оноо дунджилж лигт зургадугаарт орсон бол нэг тоглолтод 2.9 удаа булаалт хийдэг гэсэн үзүүлэлтээр бүх тоглогчдыг тэргүүлсэн байна. Гэвч баг нь 14 тоглоод ердөө хоёр хожил авсан нь Корбины хувьд хамгийн хэцүү нь байв.

“Олон тоглолтод хожигдоно гэдэг багт маш хүнд тусдаг юм билээ. Манай баг дундаж насаар лигтээ хамгийн залуу нь, бас найман тоглогч нь лигт анхны улирлаа өнгөрүүлж буй шинэ тоглогчид байсан. Тиймээс туршлага дутах яюдал их гарч байсан байх. Гэвч энэ бол миний хувьд бас нэгэн туршлага болсон” гэж Т.Корбин хүнд үеийнхээ тухай дурсчээ. Тэрээр энэ үедээ “Юта Жазз”-ын тоглогч байсан эцэг Тай Корбиныхоо зөвлөгөөг дагаснаар л хүнд хэцүү үеийг даван туулах хүчийг олдог байж. Эцгийнхээ ухаалаг зөвлөгөөг дагасан тэрээр улирлын сүүлчийн тоглолтод өрсөлдөгч багаа 85-82 оноогоор хожиход 50 оноо авч улирлын дээд амжилтыг тогтоожээ. Мөн самбараас 11 удаа бөмбөг авч, есөн удаа оновчтой дамжуулалт өгсөн байна.    

Энэ тоглолт нь түүний амьдралд хэзээ ч мартагдашгүй дурсамжийг үлдээсэн гэнэ.

Тайрелл Корбин Гиннессийн дэд амжилтад бичигдэх зорилгынхоо төлөө зүтгэсээр л байгаа. 2022 онд Гүржийн дээд лиг тоглосон тэрбээр 2023 онд ОХУ-ын “Новосибирск” багтай гэрээ байгуулж, зорилгодоо нэг алхам дөхсөн. Одоогоор АНУ-аас гадна Черногор, Монгол, Индонези, Канад, Албани, Кипр, Доминикан, Гүрж, ОХУ, Словакийн лигүүдэд тоглоод байна.   

Түүний сагсанбөмбөгийн замнал ирэх жил хаана үргэлжлэхийг тэрбээр өөрөө ч мэдэхгүй яваа. Гэхдээ өөрийнх нь хэлснээр, тэр хаана ч байсан сагсан бөмбөг тоглоход бэлэн гэх бөлгөө.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна