Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцохдоо Монголын улс төрд өрнөж буй үйл явцын талаар нэлээд сайн задалж тайлбарласан билээ. Ярианаас нь Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан гэдэг хоёр хүн үндсэндээ сонгодог парламентын засаглал тогтоох буюу "Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумихын төлөө яваад дийлээгүй юм байна" гэсэн агуулга уншигдсан. Тэрбээр Ерөнхийлөгчийг дахин сонгогдох, цаашлаад Ерөнхийлөгчийн засаглалд шилжих хүсэлтэй байгаа гээд, хэрвээ энэ хүслээ биелүүлэхийн тулд парламентын бүрэн эрхэд халдах, Парламентыг тараах санал асуулга явуулах хэмжээнд хүрэх юм бол тэмцэнэ гэж ил тод мэдэгдлээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хугацаагаа сунгахгүй, парламентын засаглалыг үргэлж дэмжиж ирсэн гэдгээ Чуулганы танхимд албан ёсоор илэрхийлсэн тул эхний хоёр хувилбарыг одоохондоо орхичих нь зүйтэй байх. Харин Парламентын бүрэх эрхэд нөлөөлөх тухайд өөр.
Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Хаврын чуулганы нээлтийн өдөр хэлэлцэнэ. Төсөл өргөн баригдсан чигээрээ батлагдвал УИХ-ын гишүүнийг Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр эргүүлж татдаг болно. Энэ нь Ерөнхийлөгчийн эрх мэдлийг ихэд нэмэгдүүлж, Парламентыг амьгүй болгох эрсдэлтэй / https://zuv.mn/1emt / талаар бид өмнө нь бичиж байсан.
Ёс зүйн асуудлаар барьцаалдагдсан УИХ-ын гишүүн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн хэлдгээр “Махны машин”-ы талд байх сонголт хийх эрсдэл өндөр. Шууд утгаараа Парламент ҮХЦ, Шүүхээс хамааралтай болно. ҮХЦ, Шүүх нь харин Ерөнхийлөгчөөс хамааралтай.
Өөрөөр хэлбэл, Монгол Улс заавал хоёр бүрэн эрхийн хугацаатай Ерөнхийлөгчтэй, эсвэл Ерөнхийлөгчийн засаглалтай байх албагүй. Хувийн асуудлаараа барьцаалдагдсан Парламенттай байхад л дээрх зорилтууд хангагдана.
Ерөнхийлөгч /Хууль батлагдсанаас хойш сонгогдох бүх Ерөнхийлөгч/ УИХ-ын гишүүнийг эргүүлж татах гэхээсээ илүү асуудлыг нь олж барьцаалахыг хүсэхийг үгүйсгэх аргагүй.
Ингэж бичиж байгаа нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн кэйстэй холбоотой. Л.Оюун-Эрдэнэ ярилцлагадаа Д.Амарбаясгаланг яагаад намын даргад өрсөлдсөнийх нь дараа намаас хөөв? Яагаад Бортээгт холбогдуулж шалгав. Яагаад өмнө нь шалгаж болоогүй юм бэ” гэж асуусан нь өөрөө энэ асуудлын хариулт юм. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг ч хэлж байсан, “Махны машин”-ы талд байвал болоод байдаг, нөгөө талд нь гарвал хэрчүүлдэг” гэж.
Д.Амарбаясгаланд хийсэн хэрэг байж ч болно, байхгүй ч байж болно. Үүнийг шүүхээр нотлоогүй. Гэхдээ өмнө нь Д.Амарбаясгалан ч, Л.Оюун-Эрдэнэ ч Ерөнхийлөгчийн үгээр явдаг байжээ л гэж харагдана.
Л.Оюун-Эрдэнэ танхимдаа ганцхан Ч.Номин сайдыг томилсон гэсэн, түүний танхимд байсан сайд нар нээрээн л одоо ч үргэлжлүүлээд ажиллаж л байна. АТГ-ын даргаар Ерөнхийлөгч өөрөө Ерөнхий сайд байхдаа томилж байсан З.Дашдавааг томилсон, АТГ нь орлого нотлох үйл явцыг удаашруулсан гэх мэт фактууд байна. Ингэж үгээр нь байсныхаа төлөө нэг нь Ерөнхий сайд, нөгөө нь УИХ-ын дарга хийгээд болоод байсан. Сонгодог Парламентын үзэл санаан дээрээ зөрчилдөөд нөгөө талд гарангуутаа Ч.Сайханбилэгийн хэлдгээр “хэрчүүлсэн” харагдана.
Одоо эргээд харахад, Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг Д.Амарбаясгалан хэзээ ч хүлээж авахгүй байсан учраас л сольсон байх магадлалтай.
Тэгвэл ҮХЦ, Дээд шүүхийг атгасан Ерөнхийлөгчийн санаачилсан хууль батлагдсаны дараа Ерөнхийлөгч нар УИХ-д, гишүүдэд ингэж хандахгүй гэж хэн батлах юм бэ.
УИХ-ын гишүүн ёс зүйтэй байх цэвэр шударга байх биш, харин ч ёс зүйгүй, авлигач, гэмт хэрэгтэн, алдах эрх ашигтай учраас хэлснийг нь хийдэг бобол яах вэ. Ийм эрсдэл байна.
УИХ хэрвээ ирэх даваа гарагт Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг баталбал Парламентын амин сүнсийг тасалж байгаатай ялгаагүй болно. Хэрвээ ийм зүйл болж, дүр эсгэсэн, амьгүй Парламентын засаглалтай болж харагдаж байсанд орвол Засаглалын хэлбэрээ сонгох бүх нийтийн санал асуулга явуулчихсан нь илүү дээр. Дэмжигдсэн үзэл санааг хадгалагчдад нь улс төрийн боломжийг нь өгөөд. Энэ нь олон эрсдлийг хааж ч мэдэх юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.211
Жагсаалтынхныг бүглийг хас
Хариулах124.158.122.50
Хэд хэдэн бүтэлгүй нөхдүүдийг татна л биз. 126 бүгд бүтэлтэй хүмүүс мөн үү.
Хариулах