Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг эгүүлж татах хууль санаачлах эрхтэй эсэхийг ҮХЦ-д өгч магадлуулъя

Zuv.mn
2 цаг 45 минутын өмнө

УИХ Хаврын чуулганы эхний өдрөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх гэж байгаа билээ.

Хуулийн төсөл нь “Ёс зүйн ноцтой зөрчил гаргасан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” агуулгатай бөгөөд d.parliament.mn цахим хуудаст тавигдсан байгаа.

Хуулийн төслийг ЕТГ өнгөрсөн сарын 27-нд танилцуулж, улмаар яаралтай горимоор хэлэлцүүлэх болсноор ийнхүү Хаврын чуулганы хамгийн эхэнд хэлэлцэхээр болоод буй. Гэвч хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхээс өмнө Ерөнхийлөгч энэ хуулийг санаачлах эрхтэй эсэх асуудлыг шийдэх шаардлага, үндэслэл байна.

Монгол улсын Үндсэн хуулийн 26.1-д “Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно. 1.Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно” гэж заасан.

Энэхүү хүрээ хязгаарыг УИХ-ын тухай хуулийн 36 дугаар зүйлд зааж өгсөн бөгөөд түүнд  

36.1.Доор дурдсан хууль тогтоомжийн төслийг дараах хууль санаачлагч санаачилна:

36.1.1.Улсын Их Хурлын үйл ажиллагаа, хуралдааны дэгтэй холбоотой хууль тогтоомжийн төслийг зөвхөн Улсын Их Хурлын гишүүн санаачлах ба бусад хуулийн төслийг өргөн мэдүүлэх, Улсын Их Хурлаар хэлэлцэх, батлахдаа дагалдах хэлбэрээр Улсын Их Хурлын үйл ажиллагаа, хуралдааны дэгтэй холбоотой хууль тогтоомжийг өөрчлөхийг хориглоно;

36.1.2.Төсвийн хүрээний мэдэгдэл, улсын төсөв, түүний тодотгол, гүйцэтгэл, хөгжлийн бодлогын болон төлөвлөлтийн баримт бичиг, түүнчлэн төрийн болон орон нутгийн өмч, татвар, эрүү, иргэн болон зөрчлийн тухай анхдагч хууль, шинэчилсэн найруулга болон Засгийн газар санаачлахаар Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд тусгайлан заасан асуудлаар хууль тогтоомжийн төслийг зөвхөн Засгийн газар санаачлах.   

36.2.Монгол Улсын Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар энэ хуулийн 36.1-д зааснаас бусад асуудлаар хууль тогтоомжийн төсөл санаачилж болно.

36.3.Ерөнхийлөгч хууль санаачлахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсгийг баримтална гэж заасан байна.

Үндсэн хуулийн 33.4-т харин "Гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлж, УИХ-тай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах" л гэжээ.

Түүнчлэн, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зааж өгсөн Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд “Хууль санаачлах” гэсэн үг, өгүүлбэр алга.  


Тэгэхээр, хэдий Үндсэн хуулийн 26 дугаар зүйлд Ерөнхийлөгчийг хууль санаачлагч гэсэн ч бүрэн эрохийнхээ ганцхан буюу 33.4-д заасан хязгаарлагдмал хүрээнд л санаачлах эрхтэй гэж харагдаж байгаа юм.  

Ерөнхийлөгчийн санаачилсан хууль УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах. Ингэхдээ УИХ-ын үйл ажиллагаанд шууд нөлөөлөх үр дагавартай УИХ-ын гишүүнийг эгүүлж татах агуулга оруулсан. Тиймээс Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг УИХ-аар хэлэлцэхээс өмнө санаачилсан хууль нь УИХ-ын тухай хуулийн 36.1-д хамаарах эсэхийг Үндсэн хуулийн цэцэд өгч тогтоолгох зайлшгүй шаардлага байна.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна