П.Сайнзориг: Аргалж албан тушаалтайгаа үлдсэнээс үзэл бодолдоо үнэнч үлдсэн нь дээр

Т.Отгонсувд
3 цаг 19 минутын өмнө

УИХ-ын хаврын чуулган нээж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн П.Сайнзоригтой улс төр, нийгэмд өрнөж ХАЛУУН СЭДЭВ болон,  өргөн барих гэж буй хуулийн төслүүдийн талаар ярилцлаа.

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе.

Сайн байна уу. Танд бас энэ өдрийн мэнд хүргэе.

-Хаврын чуулган нэлээн халж эхлэхээр байх шиг байна. Ерөнхийлөгч “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай” хуулийг санаачлан УИХ-д даргад өргөн барилаа. Таны хувьд энэ дээр ямар байр суурьтай байгаа вэ?

Хуулийн төслийг нь харлаа. Үүний цаадах хор уршгийг нь бид бодох ёстой. Парламентийн ардчилал, Монгол Улсын тусгаар тогтнолд халдах оролдлого болохвий гэдгийг маш олон хүн ярьж байна шүү дээ. Энэ ч үндэслэлтэй харагдаад байгаа юм. 1992 оны Үндсэн хуулийн амин сүнс буюу засаглалыг  парламентийн ардчилалыг бид сонгосон. Үүнээс ухрах ямар ч боломж байхгүй. Үүнийг ард нийтийн санал асуулга болгоод аливаа хууль тогтоомжийг батлах байдлаар энэ үндсэн хуулийн үзэл санааг алдагдуулна гэдэг бол Үндсэн хуулийг булшилж байгаа хэрэг гэсэн үг.

Тэгэхээр энэ үзэл санаатай хуульчийнхаа хувьд ч тэр УИХ-ын гишүүний хувьд ч тэр санал нийлэхгүй. Энэ үндсэн хуулийн үзэл санааг улам бэхжүүлэхийн төлөө л явж байгаа. Хоёр том гүрний дунд байгаа Монгол Улсыг парламентын засаглал л аварч байгаа.

126 гишүүнтэй харьцахаас нэг хүнтэй харьцах нь гадны бодлого, зөөлөн хүчний бодлогод амархан байх. Илүү олон ургальч үзэл буцалдаг парламент байж байж Монгол Улсын эрх ашиг хангагдаж байдаг.

1992 оны Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс юм гэж хүн болгон тунхаглаж, чамирхаж ярьдаг. Энэ өөрөө эргэээд Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа юм гэж явдаг. 3.5 сая монголчуудын алсыг харж, хичээж яваа зам мөр, процесс юм гэж ярьдаг мөртлөө үүнийхээ эсрэг байж болох хууль тогтоомжийг нийгмийн сенсаци дээр ашиглаж, санаачлах нь бол зохисгүй л гэж үзэж байна.

Ер нь бол асуудлууд байгаа гэдгийг ойлгож байгаа. Би ч гэсэн сая халдлагад өртсөн мөртлөө зохион байгуулалттайгаар намайг хүн зодлоо л гээд байна. Би өөрөө хохирогчоор тогтоогдсон. Сүүлдээ улс  төрийн зохион байгуулалт ороод намайг хамтад нь яллагдагч болгоод явж байна. За яах вэ үүнийг шүүх эцслэх байх. Би үүн дээр тайлбар хийхгүй. Гэхдээ энэ парламентын ардчилалыг ямар нэгэн байдлаар далимдуулж жижигрүүлэх гэж байгаа, хэврэг болгох гэж байгаа эсвэл үзэл санааг нь алдагдуулах гэж байгаа, амьгүй болгох гэж байгаа зүйлтэй бол хэрхэвч эвлэрч болохгүй. УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа хүний хувьд энэ чинь нэг үүрэг байхгүй юу.

Ер нь цаашдаа төрийн албаны хуулийг ойлгомжтой болгох хэрэгтэй. Зөвхөн УИХ-ын гишүүд дээр биш төрийн өндөр албан тушаалтнуудын хариуцлагын асуудал яригдах ёстой шүү дээ. Хуульд заасан чиг үүргээсээ давж баахан юм хийдэг. Сүүлдээ үнэн худал нь мэдэгдэхгүй хэвлэлээр түрүүлж баахан гүтгэдэг... Ерөөсөө улс төрийн зорилгоор хүн гүтгэчихдэг хүмүүс хариуцлага хүлээхгүй л яваад байна шүү дээ. Телевизийг эфирээр л “Хүн нухчихсан юм байна лээ, чандарлачихсан юм байна лээ” гээд л. Тэрийгээ нотолдог ч үгүй л яваад байдаг.

Эндээс харахад бидний сонгож явсан зам мөрөөс ухрах зам үгүй. 1992 оны Үндсэн хуулийг хүчингүй болгож, шинэ үндсэн хууль батлахаас наана засаглал өөрчлөх, парламентад халдах ямар ч бололцоо байхгүй шүү дээ.

-Парламентад үг үзэл бодлоо илэрхийлсэн, үзэл санаа зөрсөн гишүүдийг улс төрөөс явуулах санаархал байна гэж зарим улстөрчид хэлж байна. Ер нь УИХ-ын гишүүдийн ардчилал, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхэнд халдаж байна уу?

Та нар харж байгаа биз дээ. Одоо хэн дуугарч байна. Дуугарсан болгон дээр нь асуудал үүсгэж байгаа биздээ.

Би бол Засгийн газрыг огцруулах саналыг санаачилсан. Үүнээсээ болж үнэхээр зарим хүмүүсийн зуултад орчхоод байгаа юм. Намын их хурал болсон. Намын олонхиороо шийдсэн. Үүнд нь хүндэтгэлтэй хандаад л явж байгаа. УИХ-ын гишүүний хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд л асуудал тавьсан. Тэгээд шийдэл гараад хүндэтгэлтэй хандсан ч ерөөсөө зогсохгүй юм билээ. Байнгын дарамттай.

Хоёрдугаарт би олон нийтийн дунд яригдаад байгаа хулгай зэлгийг л ил болгоё гэсэн. Төсвийн тухай хэлэлцүүлэг дээр санал гаргасан.Юу вэ гэхээр... Оффтейк гэрээнүүдийг ил болголоо гээд бүгд яриад байгаа хэрнээ оффтейк гэрээнүүдийг байгуулах шийдвэрийг хэн өгсөн юм, ямар шийдвэр өгсөн юм. Үүнийг л ил болгоё гэсэн. Төсвийн хуулийг дагаж батлагдах хуулиуд дээр УИХ-д эхний санал хураалтаар дэмжигдэж орчхоод эцсийн хэлэлцүүлэг дээр хасагдсан.

Бодит байдал дээрээ бүгд эсрэг. Юу нуугаад байгаа юм бүү мэд. Энэ саналыг гаргалаа гэж бас намайг баахан дарамталсан.

Гэх мэтээр зарчмын асуудлууд ярьж, парламентаас байгуулагдсан Засгийн газарт хариуцлага тооцох санал гаргасныхаа төлөө залуу гишүүдийн амыг барих, улс төрд гацсан хүмүүст шүүмжлэлтэй хандахаар араанд нь зуугдах, заналхийлэлд өртөх асуудал салшгүй л байж байгаа шүү дээ.

Дэвэргээд яах вэ гээд чимээгүй яваад л байсан. Бүгд л асуудалд иймэрхүү өнгөөр хандаж байгаа шүү дээ.


Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ ярилцлагынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч парламентын ардчилал руу халдах санаархал байна. Мөн МАН намаасаа залуучуудаа бүрэн шахаж байна гэсэн. Тийм зүйл байна уу?

Би сүүлийн намын бага хурад оролцож чадсангүй. Гэхдээ л зарим талаараа хумигдмал байгаа шүү дээ. Үг хэлэхээр микрофоныг нь таслаад л, хурал даргалагч нь загнаад л... Ийм юм болсон.

Би тэр ярилцлагыг үзсэн. Ноцтой зүйлсүүдийг ч ярьсан байна лээ. Үндсэн хуулийг өөрчлөх оролдлогууд явж байгаа шүү дээ. Түрүү жил намайг УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилоод Үндсэн хуулийн өөрчлөлт дээр яваад өгөөч гэсэн. Би ийм үзэл санаатай зүйл дээр явж чадахгүй гээд татгалзсан. Бас манай намын өндөр албан тушаалтнууд дуудаад ард нийтийн санал асуулга явуулах ямар боломж бололцоо байна, хуульчийнхаа хувьд зөвлөөч гэж асууж байсан. Тийм оролдлогууд зөндөө байгаа шүү дээ. Ил хэлж л чадахгүй байгаа болохоос. Би бол 1992 оны Үндсэн хуулийнхаа зарчмыг л дагах ёстой гэж боддог.

Үеийн үед парламентын гишүүд рүү дайрдаг, нэр хүндийг унагадаг зохион байгуулалттай ажлууд ч явж байдаг.

-Хэрвээ “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай” хууль батлагдвал та хэрэгт холбогдсон гэдгээрээ эгүүлэн татагдах гишүүдийн нэг болохоор байгаа юу?

Миний хэрэг бол хөнгөн хэрэг шийдэгдээд өнгөрөх байх. Нөгөө залуу нь хэргээ хүлээчихсэн юм байна лээ. Гэхдээ үүнийг дэвэргээд улс төрийн зорилгоор ашиглаж байгаа юм. Би бол тэр бичлэгийг л ил болгочих гэж байгаа юм. Хууль цагдаагийнхан тэр бичлэгийг устгачихдаггүй л юм бол тэр бичлэг дээр бүх зүйл тодорхой байгаа. Би хэн нэгэнтэй маргалдаж хэрүүл зодоон хийгээгүй сууж л байгаа. Аргагүй хамгаалалт л хийсэн.

Энэ  хэрэг шүүх эцэслэн шийдэх байх. Би үүн дээр олон юм ярихгүй. 

Гэхдээ парламентын ардчиллыг ганц хоёр хүний асуудлаар далимдуулж халдаж болохгүй. Би бол үүнийг хэрхэвч зөвшөөрч болохгүй л гэж үзэж байгаа. 

Улс төрийн зорилгоор зохион байгуулалттай мэдээлэл сэвдэг, хэрэг үүсгэдэг явдал хэрээс хэтэрлээ. Улс төрийн бүхий л эрх мэдэл хэсэг бүлэг нөхдөд л төвлөрлөө. Хүссэнээрээ хөдөлгөж байна. Би бол аргалж албан тушаалтайгаа үлдсэнээс үзэл бодолдоо л үнэнч байя гэж үзсэн. Ард түмэн харж байгаа шүү дээ. 

-Ярилцсанд баярлалаа. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна