-АН хэдийчинээ удаан гэдийнэ, улсын эрх ашиг төдийчинээ хохирно-
УИХ-ын Хаврын чуулганы анхны хуралдаан өнөөдөр 10.00 цагаас товлогдсон. Гэвч АН-ын бүлгийн хясан боолтоос болоод хуралдаж чадахгүй ч байж магадгүй эрсдэл үүсээд байна.
Ардчилсан нам УИХ-ын дарга нам бус байх ёстой гэсэн байр сууринаас асуудалд хандаж, УИХ-ын дарга Н.Учралыг “Ажлаа өг” хэмээн шахамдуулж буй. Тус намын бүлгийн гишүүн Х.Тэмүүжин УИХ-ын дарга нам бус байх агуулгатай хуулийн төсөл өргөн барьсныгаа батлуулахаар шахалт үзүүлж байгаа бөгөөд уг хуулийн баталсны дараа хуулийн дагуу ажлаа өг хэмээн дарамталж буй.
Харамсалтай нь, УИХ дахь намын бүлэг, УИХ-ын даргын хооронд, УИХ-ын даргын статусыг тодорхойлох хууль батлах асуудалтай холбоотой энэ зөрчил Засгийн газрын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх эрсдэл бодитой нүүрлээд байна.
Ардчилсан намын шаардлага нь үндэслэлтэй, гишүүдийн тоо олон /76 гишүүнтэй парламенттай байхад 1996-2000 оны парламентын үед 25 гишүүнтэй МАН харал хаясан үед Чуулган хуралдаж чаддаагүй байсан/ зэрэг нь Ардчилсан намд давуу тал үүсгэж байгаа ч энэ гэдийлтээс нь болоод улс орны гал тогоог барьж буй Засгийн газрын үйл ажиллагаа зогсох эрсдэл байгаа, бас Засгийн газрын үйл ажиллагаа хэзээ ч зогсох ёсгүйг сануулахад илүүдэхгүй.
Парламентын засаглал, Парламентын соёл өндөр хөгжсөн орнуудад улс төрийн нам Парламентын үйл ажиллагаанд оролцохгүйгээр хясан боодог практик байдаг. Гэхдээ ирцэд орж, санал хураалтад орохгүй байдлаар явуулдаг, энэ нь төрийн үйл ажиллагааг тасралтгүй явах ёстой гэсэн зарчим улс төрийн акциас илүү том эрх ашиг болохыг харуулдаг. Эсрэгээрээ ирцэд ч орохгүй байна гэдэг цаад утгаараа төрийн үйл ажиллагааг санаатайгаар тасалдуулж байгаа хэлбэр болдог байна. Учир нь, төрийг ард түмэн өрсдийнхөө сайн сайхан, аюулгүй байдлын төлөө тасралтгүй ажиллуулах гэж байгуулсан бол улс төрийн нам нь мөн яг энэ чиглэлд ажиллана гэж ард түмнээс дэмжлэг авдаг учир өөрсдийг нь сонгосон ард түмний эрх ашигт харш үйлдэл хийх ёсгүй юм.
Өөрөөр хэлбэл, Ардчилсан нам хэдий зарчмын шаардлага тавьсан ч хэт хатуу арга хэлбэрийг сонгож, удаан үргэлжлүүлэн төрийн үйл ажиллагаа тасралтгүй явагдах том эрх ашгийг зөрчих эрхгүй юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна