Чуулган өнөөдөр "гацаанаас" гарах уу

Zuv.mn
2 цаг 42 минутын өмнө

-Гурав хоногийн дотор УИХ-ын 64 гишүүн өвдөж, чөлөө авч, томилолтод явжээ-

УИХ-ын Хаврын чуулганы эхний хуралдаан өнөөдөр болох ёстой байсан ч одоо болтол эхлээгүй байна. УИХ-ын дарга Н.Учрал, дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал тэргүүтнүүд энэ нөхцөл байдалд Ардчилсан намыг буруутгаж, “Тэд л бойкот хийснээс болж төрийн үйл ажиллагаа гацлаа” гэсэн байр суурийг илэрхийлж буй.

Гэвч бодит байдал дээр Чуулган хуралдаж чадахгүй байгаа нь МАН-ын бүлгийн гишүүдтэй өөрсөдтэй нь холбоотой. Үндсэндээ талуудын байр солигдсон л болохоос оны өмнө болсон явдал давтагдаж байна. 

УИХ-ын Чуулганыг хуралдуулахад нийт гишүүдийн 50+1 хувийн ирц хэрэгтэй. Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлэг 68 гишүүнтэй буюу дангаараа чуулганы ирцийг бүрдүүлэх боломжтой. ИЗНН, ХҮН намын гишүүдийг нэмбэл 80 гишүүнээр хуралдах боломж бий. 

Гэвч ХҮН нам, ИЗНН биш, МАН-ын гишүүд өчигдөр хуралдаа суугаагүй. Энэ нь МАН доторх зөрчил хэвээрээ байгаагийн илрэл бөгөөд өөрсдөө намын зовлонгоо төрийн зовлон болгож байгааг харуулж байгаа юм.

Гурав хоногийн өмнө УИХ-ын Хаврын ээлжит Чуулганы нээлт болоход 126 гишүүний 120 нь буюу 95 хувь нь хуралдаа оролцсон. Н.Алтанхуяг, О.Саранчулуун нар эмнэлгийн чөлөөтэй, Ц.Даваасүрэн, Б.Тулга нар чөлөөтэй, Ч.Ундрам, Д.Цогтбаатар нар гадаад томилолттой тул оролцож чадаагүй. Гэтэл өнөөдөр Чуулганы танхимд 56 гишүүн ирсэн байгаа бөгөөд энэ нь гуравхан хоногийн дотор УИХ-ын 64 гишүүн /Нээлтэд ирээгүй зургаан гишүүн дээр нэмээд/ өвдөж, чөлөө авч, гадаад томилолтод явсан гэсэн үг юм. МАН-ын дарга нар ирц бүрдэхгүй байгаа шалтгааныг яг л ингэж тайлбарласан. Гэтэл ирцэд ороогүй гишүүд нь өчигдөр төрийн ордонд байж л байсан билээ. 

       



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.15.114
    24 минутын өмнө

    Хуралдаж асуудлаа шийдээч ээ! Монгол улс парламентын засаглалтай гээ биз дээ? Үндсэн хуулиар Ерөнхий сайдад кабинетээ бүрдүүлэх эрх олгосон юм бол ажлыг нь явуулах хэрэгтэй ш дээ. Төргүй, удирдлагагүй улс гэж юу байдаг юм? та нарын сандал ширээний хэрүүл хэнд хэрэгтэй юм? Сайдууд нь томилогдож ажлаа явуулах ёстой юм биш үү? Өмнөх сайд нарыг ажлаа хийж чадахгүй байна гэж хашгиралдаад болиулсан. дараагийн сайд нар нь томилогдоод ажлаа хийг л дээ. Ер нь тэгээд хэн ч сайд болсон маньд юуны хамаа.. Сайд хүн сайн менежер, сийрэг толгойтой, ажил явуулдаг байхад л болчихно ш дээ. Энх-амгалан нь туршлагатай, Найдалаа нь сайн санхүүч, менежер байх магадлалтай гэж харж байна. Би л биш бол хэн ч биш гэдэг муухай монгол зангаа больчооч ээ!!!!!!

    Хариулах