Авлигатай тэмцэж төрийг цэгцлэх Г.Занданшатарын төлөвлөгөө улам эрчимжих нь

Zuv.mn
2 цаг 54 минутын өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатар ажлаа аваад удаагүй байхдаа санхүүгийн эрсдэлд орсон, татан буугдсан банканд байршиж буй төрийн хөрөнгийг буцаан төвлөрүүлж, төрийг хохиролгүй болгох үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан билээ. Тэгвэл Авлигын замаар олж авсан хөрөнгийг хураах тухай өмнөх Засгийн газрын үед өргөн барьсан хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр хандахыг Ерөнхий сайд мөнхүү Ажлын хэсэгт даалгажээ.

Ажлын хэсгийг өнгөрсөн оны наймдугаар сард байгуулсан бөгөөд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл ахалж, бүрэлдэхүүнд нь ШШГЕГ, Монголбанк, Сангийн яам, Боловсролын яам, АТГ, ЭМДЕГ, НДЕГ, ХХҮЕГ, Хөгжлийн банкны төлөөлөл багтсан юм.  

Ажлын хэсэг нь өр төлбөрт санал болгосон хөрөнгийн жагсаалт, холбогдох мэдээллийг нэгтгэх, буцаан төвлөрүүлсэн хөрөнгийг худалдан борлуулах ажлыг зохион байгуулах, өр төлбөрт тооцож авсан үл хөдлөх эд хөрөнгийг тэргүүн ээлжинд боловсрол, эрүүл мэндийн салбарын хэрэгцээнд ашиглуулах талаар санал боловсруулах, дуусаагүй барилга байгууламжийг улсын төсвийн хөрөнгө болон төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд дуусгах, ашиглалтад оруулах талаар санал боловсруулах үүрэгтэй бөгөөд өнгөрсөн хугацаанд банкны эрх хүлээн авагчаас өр төлбөрт санал болгосон зарим хөрөнгийн нөхцөл байдалтай танилцаж, үнэлгээг бодитой тогтоосон эсэхийг шалгажээ. Улмаар хоёр их наяд гаруй төгрөгийн асуудал байгааг тогтоон, зөрүүг нэхэмжлэх ажлыг зохион байгуулж, 120 тэрум төгрөгийн хохирлыг барагдуулсан байна.

Тухайлбал, Хан-Уул дүүрэгт 648 м2 талбайтай, 90 хувийн гүйцэтгэлтэй хоёр давхар обьектыг улсын орлогод бүртгэн авч, барилгын ажлыг дуусгахад шаардлагатай санхүүжилтийг тооцон, уг обьектыг цэцэрлэгийн зориулалтаар ашиглалтад оруулах зэрэг шийдвэрийг гаргаад байна. 

Ерөнхий сайдаас өгсөн шинэ үүрэг чиглэл болох Авлигын замаар олж авсан хөрөнгийг хураах тухай хуулийн төсөл олон нийтийн зүгээс их хүлээлттэй байгаа. УИХ-ын чуулган гацсанаас болж хэлэлцүүлэг нь хойшлогдож буй чухал хуулийн төслүүд дээр ийнхүү нийгмийн захиалга болсон бас нэг хууль нэмэгдэх нь тодорхой болж байна. Харамсалтай нь, УИХ-ын чуулганы хуралдаан хуралдах боломжгүй байгаа нь /Энэ долоо хоногт гэхэд Засгийн газраас өргөн барьсан Татварын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, НӨАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх товтой ч чуулган хуралдах эсэх нь тодорхойгүй хэвээр байна/ Засгийн газрын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа юм.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна