ТАНИЛЦ: Л.Оюун-Эрдэнэийн “Зассан” гэж мэдэгдсэн Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийн намтар

Zuv.mn
3 цаг 8 минутын өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хууль зүйн сайд Б.Энхбаяртай холбоотой авлигын баримтуудыг АТГ-т өгөх үедээ Хуульзүйн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг “Бодь интернэйшнл” группээс хуулийн зөьлөх үйлчилгээ үзүүлсэн хэмээн 11 тэрбум төгрөг авсан гэж мэдэгдсэн билээ.

Д.Мөнх-Эрдэнэ энэ мэдээллийг үгүйсгэсний дараа тэрбээр ЭТТ ХК-ийн ТУЗ-ийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хурлын тэмдэглэлийг олон нийтэд ил болгож, "Б.Энхбаяр, Д.Мөнх-Эрдэнэ нар ингэж худлаа ярихыг мэдэж байв.

Энэ протоколд хуралд оролцсон хүмүүс дунд хуулийн зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ гэж байх юм. Намтраа сольсон шиг нэрээ бас сольчихсон уу” гэж бичсэн байдаг.

Түүний дэлгэсэн тэмдэглэлд тухайн хуралд оролцсон хүмүүсийг төлөөлж буй субъектийнх нь араас нэгбүрчэн албан тушаалтай нь дурьдсан байх бөгөөд Д.Мөнх-Эрдэнэ нь "Бодь интернэшнл" ХХК-ийг төлөөлж оролцсон хүмүүсийн дунд “хуулийн зөвлөх” гэх албан тушаалтайгаар дурьдагдсан байгаа юм.


Харин “Бодь” группийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан өчигдөр “Д.Мөнх-Эрдэнэ манай компанид огт ажиллаж байгаагүй. Д.Мөнх-Эрдэнэтэй 11 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан гэж хэлсэн. Тэр гэрээгээ батла. Ерөөсөө тийм зүйл огт байхгүй” гэх тайлбарыг өгсөн байдаг.

Харин Л.Оюун-Эрдэнэ “Сольсон” гэж мэдэгдсэн намтрын тухайд, Хууль зүйн яамны албан ёсны фэйсбүүк хуудаст дараах мэдээлэл тавигдсан байна. 

1981 онд Улаанбаатар хотод төрсөн.

1998 онд Нийслэлийн 2 дугаар дунд сургуулийг

2001 онд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Берлин хотод “Буххольц” герман хэлний институт,

2002 онд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Потсдамын Их сургуульд герман хэлний бэлтгэлийг

2005 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн.

2011 онд АНУ-ын Жеоржио их сургуулийн Олон улсын худалдаа, аюулгүй байдлын төвд “Олон улсын экспортын хяналтын бодлого, дэглэм” сэдвээр, БНФУ-ын Цөмийн технологийн институтид “Цөмийн эрчим хүчийг нэвтрүүлэх нь” сэдвээр мэргэжлийн сургалтад хамрагдсан.

Эрх зүйч мэргэжилтэй.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

2004-2007 онд "Голомт" банкны Хуулийн хэлтэст хуульч,

2007-2008 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газарт мэргэжилтэн,

2008-2013, 2014-2016 Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газарт шинжээч, Засгийн газрын референт, газрын дарга,

2016-2018, 2021-2023 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн Ахлах зөвлөх,

2023-2024 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдын Зөвлөхөөр тус тус ажиллаж байсан.

2025 оны 6 дугаар сараас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар ажиллаж байгаад 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар томилогдсон.

Л.Оюун-Эрдэнэ "Д.Мөнх-Эрдэнэ нь "Голомт" банкинд хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан. Мөн тус банканд хамт ажиллаж байсан Л.Отгонбаяртай хамтарч, “Солонго & Мөнх партнерс” ХХК болон “Легал Линк Си Би Эй” ХХК-иар дамжуулан “Тавантолгой төмөр зам” ХХК, “Бодь интернэшл” ХХК-тай хэлэлцээрийг эхлэхэд хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх нэрээр 11 тэрбум төгрөг авсан" мэдэгдсэн. Хуулийн этгээдийн бүртгэл мэдээллийн системд түүнийг “Солонго & Мөнх партнерс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсныг нотолсон мэдээлэл байгаа бөгөөд намтарт нь энэ талаар дурдагдаагүй. Номын болон барааны худалдаа, үйлчилгээ, бизнесийн зөвлөгөө өгөх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй тус компани 2023.08.08-нд буюу "Бодь интернэйшнл"-тэй байгуулсан гэрээний "но"-г илчлэх гол зорилготой байсан гэж Л.Оюун-Эрдэнэ баталж буй "Нүүрсний сонсгол"-ын өмнөхөн татан буугджээ. "Нүүрсний сонсгол" 2023 оны арванхоёрдугаар сард болсон юм. Эндээс, Түр хороо байгуулагдаж, хэлэлцэх асуудал тодорхой болж ирэх үест ААН-ээ татан буулгасан байж болзошгүй дүр зураг харагдаж байгаа бөгөөд намтартаа эрхэлж байсан ажлаа бичээгүй нь улам хардлага төрүүлж байгаа юм.  


 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна