​ АН УИХ-ын үйл ажиллагааг саатуулахаа хэзээ болих вэ

Zuv.mn
4 цаг 28 минутын өмнө

УИХ дахь АН-ын бүлэг УИХ-ын Чуулганыг бойкотлосноос болж Чуулган өнгөрсөн долоо хоногт хуралдаж чадаагүй билээ. Тус намын зүгээс тавьж байгаа шаардлага тодорхой, Х.Тэмүүжин гишүүний өргөн барьсан УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулах. Уг хуулийн төсөлд УИХ-ын дарга намын гишүүнчлэлээсээ түдгэлзэнэ гэсэн заалт бий. Энэ шаардлага биелэгдээгүй учир намын бүлгийн бойкот энэ долоо хоногт ч үргэлжилнэ гэдгийг О.Цогтгэрэл дарга тодорхой хэлчихлээ.

АН бол том сөрөг хүчин бөгөөд дэвшилттэй, зарчмын байр сууриа хамгаалах эрхтэй. МАН-ын бүлэг УИХ-д суудалтай бусад намуудтай хамт ирцээ бүрдүүлэх ёстой гэдэг ч үнэн.

Гэхдээ Чуулганыг хясан боосон дээрээ Ажлын хэсэг, Байнгын хороодын хуралдааныг хясан боомооргүй байна. МАН бүлэг дотроо асуудалтай, ирцээ өөрсдөө бүрдүүлж чадахгүй байгаа. Энэ байдал дээр нь Ажлын хэсэг, байнгын хороонд олонх болж ороод хуулийн төслүүд дээр намынхаа байр суурийг хамгаалаад, оруулаад явах нь уг нь итгэж дэмжсэн сонгогчдод нь ч хэрэгтэй байгаа юм. 

Чуулган дээр хууль хэлэлцдэг ч гишүүд зурагтаар гарахыг л хүсдэг, батлахаа хүрвэл дор нь баталж, хоёр долоо хоногийнхоо алдсан хугацааг нөхөх боломжтой. Гол нь өмнөх шатанд сайн хэлэлцүүлэг явуулсан байх ёстой. Хуулийн гол хэлэлцүүлэг Байнгын хороо, Ажлын хэсэг дээр явдаг. Энэ бүтэц ажлаа алдахгүй байхад УИХ-ын үйл ажиллагаа цаашид хэвийн үргэлжлэх боломжтой. Гэтэл АН-ын  хэтэрхий хатуу байр суурь УИХ-ын үйл ажиллагааг жинхэнээсээ гацаах шалтгаан болж байна.

АН энэ хатуу байр суурианаасаа хэзээ ухрах вэ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна