БАЙР СУУРЬ: Гишүүд удирдах зөвлөлийнхөө шийдвэрийг дагана

Х.Есү
5 цаг 13 минутын өмнө

МАН-ын Удирдах зөвлөл 14:30 цагаас хуралдахаар болсон. Бид УЗ-ийн хуралд ирж байгаа гишүүдээс байр суурийг нь тодрууллаа. 

Ж.Ганбаатар: "Намын удирдлагуудын шийдвэрийг л дагана. Миний хувийн байр суурь байхгүй. Та нар Н.Учрал дарга Ерөнхий сайд болох гэж байгаа юм уу гэж асуух гэж байгаа байх. Эсвэл Г.Занданшатар намын дарга болох гэж байгаа юм уу гэж асуух гэж байгаа байх. Гэхдээ тэр талаар надад мэдээлэл алга"

Э.Батшугар: "Засгийн газар тогтвортой байх нь чухал. УЗ-өөр хэлэлцэх асуудал тодорхой болоогүй байна. Хуралдаж байж л шийдвэр гаргах байх. Олон улсад эдийн засгийн онцгой байдал зарласан байгаа. Энэ том шокийг яаж давж туулах вэ гэдгийг УИХ-тайгаа хамтран гаргах нь чухал байгаад байна" 

Ч.Ундрам: Бид дөрвөн сарын өмнө УИХ-ын даргаа сонгосон. Тэгснээ одоо нөхцөл байдал өөрчлөгдөнө гэдэг байж боломгүй гэж бодож байна. УИХ-ын дарга хуулийн дагуу хурлаа удирдсан. Одоо УИХ ажлаа хийх хэрэгтэй. Бидэнд шийдэх асуудал маш их байна. Хэлэлцэх асуудлыг дараалал ирээгүй. Дэлхий дахинд хүнд нөхцөл байдал үүсээд байхад Засгийн газар тогтвортой ажиллах ёстой гэж бодож байна. 

Ж.Бат-Эрдэнэ: Намын дарга Ерөнхий сайд болохыг дэмжиж байна. Би УИХ-ын дарга болох эсэхийг мэдэхгүй байна. Н.Учрал дарга ажлаа өгнө гэсэн мэдээлэл хэлээгүй. Намын даргын хувьд ийм нөхцөл байдалтай ажиллахад хэцүү байна. Өөрөөр хэлбэл парламентын олонх нь ийм байр суурьтай байгаа тохиолдолд парламентыг цааш явуулах боломж бололцоо байхгүй байна гэдэг өнцгөөс л байр сууриа илэрхийлсэн. 

Ж.Энхбаяр: УЗ-өөс гарсан шийдвэрийг бүлгийн гишүүд бүгд дэмжихээр тохирсон. Шатахууны өсөлттэй холбоотойгоор инфляцид нөлөөлнө. Өргөн хэрэглээний бүх л бараа бүтээгдэхүүн өсөж, Монгол Улсын бүх л салбарыг доргионо. Иймд яаралтай бодлогын арга хэмжээ авах хэрэгтэй. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна