Н.Учралын аюулаас холдох боломж буюу спикерээ сонгох хувилбар

Zuv.mn
3 цаг 2 минутын өмнө

Ерөнхий сайд Н.Учрал "Өнөө, маргаашдаа багтааж, танхимаа бүрдүүлнэ" гэсэн ч энэ нь спикер тодрохоос нааш яагаад ч бүтэхгүй гэдэг нь нэгэнт тодорхой болсон. Угтаа Д.Амарбаясгалан сууж байх ёстой байсан ч намын хагарлаас түр зуур Н.Учралынх болж үзсэн спикерийн албанд 38-ын талаас С.Бямбацогтыг, нөгөө талаас С.Амарсайханыг зүтгүүлж байна. Асуудлыг УИХ-ын бүлэг, намын Удирдах зөвлөлийн хурлаар шийдэх ёстой ч аль, аль нь товлогдоогүй байгааг бодвол зөвшилцөлд хүрээгүй нь илт. 

Нөхцөл байдал ийм хүнд, өөрөөр хэлбэл, 30:38-аараа хуваагдаж, эвлэхээ больсон, гэтэл цаг хугацаа Засгийн газраа байгуулахыг шахаж шаардаж байгаа ийм үед Н.Учрал анхнаасаа тодорхой байсан буюу намын дарга болохдоо хүлээсэн үүргээ биелүүлээд явчих нь хамгийн зөв зам хэмээн үзэх гишүүд олон байна. Бүр тодорхой хэлбэл, Н.Учрал намын Их хурлаас 51 биш 95 хувийн дэмжлэг авсан. Энэ бол хоёр тал аль, аль нь түүнд итгэж эвлүүлэх эрхийг өгсөн хэрэг бөгөөд үүний тулд тэр яалт ч үгүй Засаг тэргүүлэх ёстой байсан. Энэ алхам нэгэнт хийгдсэн. 

Хоёр дахь алхам нь Г.Занданшатарын танхимын алдааг давтахгүй байх. Г.Занданшатар 30-ийн бүлгийг тэр чигт нь цааш нь түлхсэнээс болж огцорсон. Өөрөөр хэлбэл, 30-ийнхан АН-ын 42-той нийлээд хялбархан унагачихсан. Хүсвэл Н.Учралыг ч ингэж дөнгөж чадах нь дэндүү тодорхой асуудал. АН-ыг Засагт урих замаар энэ байдлаас гарах зам бий ч нэгд МАН-ын их хурлаас өгсөн даалгавар, хоёрт урт удаан настай улс төр хийх эрх ашгаа харж шийдэх талаа бодсон нь хавьгүй дээр нь ойлгомжтой. 

Засгийн газрынх нь хувь заяа УИХ-ын даргын суудалтай холбогдсон энэ эгзэгтэй үед олон юм бодолгүй хийх ёстой буултаа хийгээд УИХ-ын даргыг цөөнхөөсөө буюу С.Амарсайханыг тавих нь уг нь ашигтай.  Хүч түрвээс дээр хэлсэнчлэн МАН-ын 30 дээр нэмээд АН-ын 42 гэсэн том сөрөг хүчин үүсэх аюул бодитоор үүсэх юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч энэ эрсдэлийг тооцож, Г.Занданшатарыг ажлаа өгөхийг ятгасан хэмээн улс төрийн хөшигний ард яригдаж буй. 

"Говийн чимх өвс Хангайн тэвэр дарштай тэнцэнэ" гэдэг шиг Парламентай засаглалтай улсын Парламентын дарга гэдэг томилгооны жин дээр нэг сайдын суудалтай тэнцэхгүй нь тодорхой учир цөөнхийн эрх ашгийг хангаж Засгаа өөрийнхөөрөө тогтвортой засаглуулна гэж бодож байвал спикерээ цөөнхдөө найр тавих нь Н.Учралын хувьд хамгийн бодитой зөв алхам. Ингэлээ гээд түүнийг хэн ч муулахгүй. Учир нь тэр угаасаа энэ асуудлыг шийдэх ёстой, тэгнэ гэж амлаад төрийн өндөрлөг суудалд суусан хүн нь шүү дээ. Цөөнх талаас энэ үүргийг С.Амарсайхан авсан, тэр утгаараа УИХ-ын даргын суудалд дэмжлэг авч зүтгүүлэхээр болсон гэж буй. Өөрөөр хэлбэл,  30-ийнхан нүүдлээ хийсэн. 

Бүтэн нэртэй хүн үлдэхгүй шахуу болтлоо салам зодолдсон хоёр талыг уулзуулж, холбосон хүн нь өдгөө парламентийн спикерт кандитатаар яригдаж буй С.Амарсайхан гээд урагш нь түлхлээ. Өдгөө МАН дотроо гол холбогчийн үүрэг гүйцэтгэж байгааг улс төрийн хүрээнийхэн ч ярьж байна. Өөрөөр хэлбэл, 30-ийн бүлэг асуудалд ул суурьтай хандаж, хэдий буулт хийх, намаа эвлүүлэх үүрэгтэй гэдгээ сайтар ухамсарлан ойлгож байгааг нь мэдэхийн дээдээр мэдэж байгаа ч бас ч гэж томилгоондоо нүүр бардам байх боломжийг намын даргадаа өгчээ. Одоо Н.Учралын нүүх ээлж. 

38-ны талаас зүтгүүлж буй С.Бямбацогт, С.Амарсайхан нарын алинд нь үл маргах том давуу тал бий. Хоёул одоогийн парламент дотроо олон сонгогдсон. Мөн МАН доторх цөөнхтэй ч, олонхтой ч, АН-тай ч нэг Засгийн газарт баг болж ажиллаж байсан туршлагатай. Хувийн хэвшилд ажиллаж байсан, яг одоо хэрэгтэй байгаа эдийн засгийг либералчлах талд бат зогсох хүмүүс. 

УИХ-д яг одоо бол дундын холбогч, төвийн байрлалын хүн хэрэгтэй. Ерөнхийлөгчийн зүгээс татгалзахгүй, Н.Учралын зүгээс зөрчилдөхгүй, АН-ын зүгээс үсдэлцээд байхгүй ганц боломжит сонголт нь С.Амарсайхан ч байж мэдэх юм. Эцсийн сонголтыг МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учрал хийх нь ээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.93.251
    1 цагийн өмнө

    Намынхаө ирээдүйг бодвол Амарсайхан нь дээр шүү !!!

    Хариулах
  • 66.181.161.82
    1 цагийн өмнө

    Uneen

    Хариулах