Ж.Энхбаяр: Засгийн бүтцэд өөрчлөлт хийх боломж, цаг хугацаа байхгүй

Г.Долгорсүрэн
4 цаг 30 минутын өмнө

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын өргөн мэдүүлсэн энэхүү төсөлд УИХ-ын дарга нь намаасаа түдгэлздэг байх, 64 гишүүний дэмжлэг авсан нэр дэвшигчийг УИХ-ын даргад санал болгон баталдаг байх зэрэг зохицуулалтыг тусгасан хуулийг эрх баригчид дэмжин хүлээж, авсан.

 Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн дэмжлээ. Үндсэндээ УИХ-ын даргаар С.Бямбацогт ажиллахад саадгүй болсон гэсэн үг. 

Мөн өнөөдөртөө багтааж Ерөнхий сайд Н.учрал тахимын гишүүдээ танилцуулж магадгүй байгаа юм. Энэ талаар Эдийн засаг, хөгжлийн сайдаар улиран ажиллана гэгдэж буй УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай ярилцлаа.

-Эрх баригч МАН-ынхан АН-ын өргөн барьсан УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж, хүлээж авлаа?

-Хуулийн төслийг МАН дэмжиж байгаа. Бид Үндсэн хуулийн томоохон өөрчлөлт хийсэн. Энэ хүрээнд зайлшгүй дагаж гарах хуулиудын нэг нь УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. 126 гишүүнтэй Монгол Улсын парламент гэдэг бол олон намын тогтолцоотой байна гэсэн үг. 

Тэр утгаараа олон намын оролцоотой эвслийн Засгийн газар бүрдэнэ. Энэ үед УИХ нь улс төрөөс ангид улстөрийн мэтгэлцээний чөлөөт индэр болох шаардлага үүсч байгаа. Үүнийг зөв гэж бодож байна. Тийм учраас МАН-ын бүлэг хүлээж авч, хуулийн төслий дэмжиж байгаа. 

-Уг нь тус хууль өргөн бариад багагүй хугацаа өнгөрсөн шүү дээ. МАН-ынхан заавал акц өрнүүлж, шахуулж байж энэ хуулийг дэмжих ёстой байв уу?

-Чуулган эхлээд хэдхэн л хонож байна. Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтанд ороогүй байсан. Гэсэн ч улстөрийн бодит нөхцөл байдлаас үүдэж, хуулийн төсөл дээр бүх улстөрийн намуудаас ажлын хэсэг оруулаад явъя гэж тогтлоо.  

-МАН одоо АН-ыг ямар шаардлага тавьсан биелүүлэхэд бэлэн байна уу?

-Тийм юм байхгүй ээ.

-МАН-ын бүлэг дотроо хуваагдаж, эв нэгдлээ хангаж чадахгүй байна. Учраа олж чадах болов уу?

-Олно доо. Мэдээж үзэл бодлын зөрүү гарна. Улстөрийн эрх ашиг, сонрхол өөр байж болно. Гэхдээ бид үүнийгээ ярьж, шийдвэрлэж чаддаг. Тиймдээ МАН өдий зэрэгтэй байгаа.

-Л.Оюун-Эрдэнэ гишүүн МАН доторхи цөөнхийн ашиг сонирхол, оролцоог хангаж чадахгүй бол одоо бүрдэх Засгийн газрын нас богиносно гэх агуулгатай ярилцлага өгсөн?

-Хувь хүний л бодол. Улстөрийн намуудын тухай хуулиа Монгол Улс шинэчилсэн. Хуулиар улстөрийн намуудыг маш өндөр хариуцлагажуулсан. 2025 онд намууд их хурлаа хийгээд дүрмээ шинэчилж, дотоод сонгуулиа хийгээд дууслаа.

Парламент улстөрийн намуудаас бүрдэж байгаа. Бид алдаагаа засаж, парламентаа бэхжүүлээд явж байгаа. Монгол Улсын оршин тогтнох яг энэ цаг үеийн аюулгүй байдлын баталгаа нь ардчилсан парламентийн засаглал. Энийгээ дагаад улстөрийн намуудыг хариуцлагажуулах шаардлага үүссэн.

Амьдрал баян болохоор хуулиар зохицуулаагүй асуудлууд гарч ирээд байна. Үүн дээрээ дүгнэлт хийгээд засаад сайжруулаад явж байгаа нь чухал. 

-Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн тодорхой болж байна уу. Өөрчлөлт хийгдэх үү. Танд ямар мэдээлэл байна вэ?

-Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орохгүй. Боломж, цаг хугацаа алга. Одоо байгаа бүтэц дээр бүрэлдэхүүн орж ирнэ гэж ойлгож байгаа. 

Бүтцийн асуудал дээр төрийн албаны шинжилгээнүүд хийгдэж байгаа. Зургаан яаман дээр хийгдчихсэн байсан. Цаашид үүнийгээ үргэлжлүүлж, Засгийн газрын бүтцийг боловсронгуй болгох, чиг үүргийн давхацлуудыг арилгах зайлшгүй шаардлага байгаа.

-Засгийн газрын бүрэлдэхүүнийг өнөөдөртөө багтааж батлах уу?

-Батлах ёстой байна. Яагаад гэвэл гадаад орчны нөхцөл байдал хурдтай муугаар өрнөж байна. Бид яаралтай хариу арга хэмжээ авах, төлөвлөгөөндөө шилжих учиртай.

 Бид төлөвлөгөөгөө бэлдээд шаардлагатай хууль эрхзүйн орчноо бэлдчихсэн. Ерөнхий сайд танхимаа бүрдүүлээд нэн тэргүүнд үүн дээрээ төвлөрөх болов уу гэж бодож байна. 

Яаралтай арга хэмжээний төлөвлөгөөгөө УИХ-д танилцуулж, эрхээ авна. Учир нь одоо батлагдсан төсвийн хүрээнд энэ хямралыг давах боломж хязгаарлагдмал. Тиймээс төсөв дээр өөрчлөлт хийх, төсвийн захирагч хооронд санхүүгийн хөдөлгөөн хийх, Засгийн газар хурдтайгаар гааль, НӨАТ-ын татварыг чөлөөлөх, нэмэх зэргээр хурдан хариу арга хэмжээ авах эрхүүдээ олж авах ёстой.

 Ковидын үед энэ зарчмаар ажилласан. Ковидыг даван туулах хуулийн төслийг би бичиж, УИХ-аар батлуулж байсан. Тухайн үеийн Засгийн газар эрхээ авсан байсан учир хурдтай ажилласан. 

Түүний үр дүнд ковидыг хамгийн хохирол багатай даван туулсан цөөхөн орны нэг нь Монгол болж байсан. Ийм туршлага байгаа учраас өрнөлийг тооцоолоод хариу арга хэмжээний төлөвлөгөөгөө бэлдчихсэн байгаа.

-Таныг Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаараа үргэлжлүүлэн ажиллах юм байна гэж ойлголоо?

-Энэ бол Ерөнхий сайдын бүрэн эрх. Өмнө нь сайд нарыг томилох гэж хэдэн өдөр, сарын ажил болдог байлаа. Фракциудад барьцаалагддаг байсан. Бүгд сайдтай болно гэдэг байв. Үүнийг Үндсэн хуулиар засчихсан. 

Ерөнхий сайддаа онцгой эрх өгсөн. Одоо Ерөнхий сайд кабенитын гишүүдээ уншиж, таницуулаад болно, санал хураалгахгүй. Сайд нарын нэрс Ерөнхий сайдын толгой, цээжинд л байгаа. 

-Ерөнхий сайд танхимынхаа сайд нарыг ямар нэгэн нөлөөлөлгүйгээр өөрөө мэдэж шийдэж чадаж байгаа юу?

-Чадалгүй яахав. Ялангуяа МАН-ын дарга Н.Учралын хувьд их хурлаа хийгээд бүрэн эрхээ авсан. Холбогдох шийдвэрүүд бага хурлаас гарсан. Намын даргын шийдвэрийг хэрэгжүүл гээд бүлэгт үүрэг өгсөн. Намын Удирдах зөвлөлөөс энэ шийдвэрийг баталгаажуулсан. Үүнд хэн ч нөлөөлөх боломжгүй. 

-Ерөнхий сайд танхимаа бүрдүүлж чадахгүй бол огцрох хуулийн хугацаа бий?

-30 хоног байдаг. Өмнөх хуулийн зохицуулалтаар энэ хүнд асуудал байсан. УИХ-ын гишүүд нь барьцаалчихаад хөдөлдөггүй байв. Одоо Ерөнхий сайдаа танхимынхаа сайд нарын нэрсийг танилцуулна. Энэ бол Засгийн газрыг бэхжүүлсэн том бодлого болж чадсан юм.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.