"Цэцийн 9 гишүүн УИХ-ын хувь заяаг шийддэг байж болохгүй"

Zuv.mn
3 цаг 36 минутын өмнө

Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийн төслийг дэмжих эсэхийг хэлэлцэх чуулганы хурал хоёронтоо хойшлоод байна. 

Эхний босгоо давсан тус хуулийн төсөлд ноцтой зөрчил гаргасан гишүүнийг УИХ-ын Ёс зүйн дэд хороо, УИХ-ын Нэгдсэн чуулганаар заавал нээлттэй хэлэлцэж, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр эгүүлэн татах, Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол тухайн гишүүнийг эгүүлэн татах үндэслэл, парламентад суудалтай улс төрийн нам, эвслийн хариуцлагыг өндөржүүлж, жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон гишүүн ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татна гэжээ.

Эл асуудлаар байр сууриа илэрхийлсэн гишүүдийн дийлэнх нь ёс зүй гэдэг нэрийн дор сөрөг хүчнээ намнах хууль эрх зүйн орчин бий болох вий гэсэн болгоомжлолтой хандаж байна.

Учир нь ёс зүй гэдгийг хэрхэн тайлбарлахаас УИХ-ын гишүүний бүрэн эрх хамаарах болох юм. Ингэснээр эрх баригч намын дарга хэнд ч дийлдэхээргүй эрх мэдэлтэй болно гэсэн үг. Энэ нь алсдаа жижиг намуудад маш их хохиролтой. Алсдаа хойд Солонгос шиг гар өргөөд шийддэг, парламентын ардчилалгүй улс болох аюултай. Ард түмний мандатыг хэн нэгэн булааж авч болохгүй. Парламент гэдэг бол Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа” гэдгийг онцолж  байлаа. 

Үнэхээр парламентын дархлааг сайжруулж, гишүүдээ хариуцлагатай байлгах гэж байгаа бол улс төрийн намуудыг хариуцлагажуулах, дотоод ардчилал, манлайллыг нь нэмэгдүүлэх дээр алхам хийх ёстой гэсэн голч байр сууриуд ч жин дарж байна..

Энд хоёр зүйлийг онцолсон нь нэгд, жагсаалтын гишүүдийг эгүүлж татна, хоёрт эгүүлэн татах шийдвэрийг Үндсэн хуулийн цэц гаргана гэсэн байна. Өөрөөр хэлбэл, Цэцийн хэдэн гишүүн УИХ-ын хувь заяаг шийддэг болох нь..

Тэгвэл УИХ-ын гишүүний хувь заяаг шийдэх эрхийг атгаж магадгүй байгаа Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг хэн томилдог вэ.  

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Үндсэн хуулийн цэц нь есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн: Гурвыг Улсын Их Хурал, Гурвыг Ерөнхийлөгч, Гурвыг Улсын Дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилдог. ҮХЦ-ийн гишүүдийн гурвыг нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гурвыг нь УИХ-ын дарга Н.Учрал, гурвыг нь Улсын дээд шүүх томилно гэсэн үг.

Цэцэд гурван гишүүн санал болгох эрхтэй Улсын дээд шүүхийн тухайд, 25 гишүүнтэй. ҮХЦ-д томилуулах гурван нэр дэвшигчээ /Нэр дэвшигч нь Улсын дээд шүүхийн шүүгч биш байх ёстой/ бүх гишүүдийн хурлаараа тодруулдаг.

Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг Ерөнхийлөгч томилдог. Мөн бусад шүүгчдийг ч батламжилдаг байна. Сонгон шалгаруулалтаа давж, УИХ-аар дэмжигдсэн ч Ерөнхийлөгч батлахгүй л бол Дээд шүүхийн шүүгч болох ямар ч боломжгүй. Эндээс харвал, Ерөнхийлөгчийн санаачилсан хувилбараар явбал, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах эрх Үндсэн хуулийн цэцэд очиж байгаа мэт боловч үнэн хэрэгтээ үе, үеийн Ерөнхийлөгчид л очно гэж харагдаж байгаа юм. 

Бүр тодорхой хэлбэл, Ерөнхийлөгчийн институци УИХ-ыг далдуур атгана гэсэн үг. Энэ нь төрийн өндөр албан тушаалтан харъяаллын байгууллагынхаа тоог цөөлж, эрх мэдэл нь багассан мэт харагдуулаад цөөлсөн байгууллагуудаа нэмэлт чиг үүргүүдийг татаж авдагтай төстэй бөгөөд Үндсэн хуулийн цэцийн эрх мэдэл нэмэгдсэнээр Ерөнхийлөгчийн ч эрх мэдэл, нөлөө нэмэгдэнэ гэж ойлгож болох юм.

Энэ хувилбарыг "Парламентын дархлаанд нөлөөлнө" гэж үзэх хүмүүс байгаа нь ёс зүйгүй гишүүнийг өмгөөлсөндөө биш, харин ард түмний сонгосон УИХ-ын гишүүн буюу төлөөллийг эргүүлж татах эрхийг ҮХЦ-ийн есхөн хүнд атгуулж, хамгийн гол нь, ард түмнийхээ эсрэг шийдвэр гаргуулах "кноп дардаг хүүхэлдэй" болчих вий гэсэн болгоомжлолоос үүдэлтэйг тодруулж хэлэх учиртай. 

Хэрвээ хуулийг хэлэлцэхээр гишүүд дэмжвэл хиймээс хамтарсан Ажлын хэсэг байгуулж, ҮХЦ-тэй холбоотой заалтыг хамгийн түрүүнд авч хаях ёстой юм.

Парламентийн засаглалаа элдэв нөлөөлөлгүй, дархлааг нь сулруулахгүй хэвээр авч үлдэх эсэх нь одоогийн УИХ-ын 126 гишүүний гарт хэвээр байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна