Г.Лувсанжамц: Би 30:38-н аль ч тал нь биш

Т.Отгонсувд
3 цаг 39 минутын өмнө

 Энэ удаагийн ярилцлагаараа УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцтай улс төр, нийгэмд өрнөж буй ХАЛУУН СЭДЭВ болон бусад асуудлуудаар ярилцлаа.

-Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг та дэмжиж байгаа юу? 

Би парламентын дархлааг сулруулах эрсдэлтэй гурван заалт байгаа гэж харж байгаа. Тийм учраас хэлэлцэх эсэхийг нь дэмжихгүй. Харин эсрэгээрээ УИХ-ын гишүүний ёс зүй, хариуцлагын асуудлыг УИХ дотроосоо санаачлаад явах ёстой. Арав гаруй заалттай хуулийн төсөл байгаа. Үүнд миний дэмжиж байгаа заалтууд олон байгаа л даа. 

Жишээлбэл, Гэмт хэрэгт холбогдсон нь шүүхээр тогтоогдсон бол, ирцийн асуудал гээд ийм заалтуудыг нь би дэмжиж байна. 

Харин дэмжихгүй байгаа гурван заалт нь

  • Цэцийн дүгнэлтийг УИХ дээр танилцуулаад л гишүүнийг эгүүлэн татаж болно.
  • Иргэний гомдол дээр үндэслэн Ёс зүйн дэд хороо хуралдаад нэгдсэн чуулганаар хэлэлцэж байгаад эгүүлэн татна.
  • Гуравдугаарт жагсаалтын гишүүдийн заалт. Үүн дээр намайг жагсаалтын гишүүн болохоор ингэж хэлж байна гэж битгий бодоосой гэж хүсэж байна. Намын төв байгууллага нь энэ гишүүнийг татна гэвэл эгүүлэн татаж болдог.

Дээрх гурван заалтыг харах юм бол бидний сонгож чаддаггүй ҮХЦ-ийн есөн хүн, олонхын бүлгийн дарга нь гээд энэ арван хүн дуртай гишүүнээ буцаагаад татаж авах боломжтой болох гээд байгаа юм. Гэтэл энэ нь өөрөө Үндсэн хуультайгаа зөрчилдөж байна гэж бодож байгаа. Монголын ардчилалд сөргөөр нөлөөлж болзошгүй гэдэг байр суурьтай байна.

-УИХ-ын гишүүнийг иргэд олон нийт сонгож, төлөөллөө болгодог. Гэтэл иргэдийн сонгосон УИХ-ын гишүүнийг хэн нэгэн өмнөөс нь хариуцлага тооцон эгүүлэн татна гэдэг нь сонгох, сонгогдох эрхэнд халдаж байна гэж харж байна уу?

Тийм. Монголын ард түмэн УИХ-ыг өөрсдөө сонгож байгаа. Тэрийг нь өөр хүн татна гэдэг бол байж болохгүй асуудал.

-Энэ хууль нь хэн нэгэн гишүүний кейсэн дээр дөрөөлж санаачлах ёстой хууль юм уу? Ер нь УИХ-ын гишүүдийг ёс зүй, хариуцлагыг ямар арга замаар шийдэх нь зүйтэй юм бэ?

Шүүх засаглал хаана байна вэ? Прокурор ажлаа хийж байгаа юм уу? Маш олон авлига хулгайн хэргүүд яригдаад байдаг. Сайд нь, УИХ-ын гишүүн нь бие биенээ хардаж, сэрдээд яриад байдаг. Гэмт хэрэг, авлига хулгайд холбогдсон хүмүүсийг л буулгаад өгөөч гэдэг олон нийтийн хүсэл байгаа. Би үүнийг нь дэмжиж байгаа. Энэ эрх зүйн зохицуулалт одоо байгаа. Ерөнхий прокурор УИХ-д танилцуулаад тухайн гишүүнийг эгүүлэн татаж, шалгах шаардлагатай гэвэл буцаах боломжтой. 

Тэгэхээр тэр зүйлийг бол би дэмжиж байгаа. Гэхдээ ардчилалдаа сөргөөр нөлөөлж болзошгүй байгаа учраас би үүнд маш болгоомжтой хандаж байгаа. 

-УИХ-ын МАН-ын бүлэг 30:38 гэсэн хуваагдалтай байгааг гишүүд өөрсдөө ч ил цагаан хэлдэг боллоо. Үүнд та намын гишүүний хувьд ямар бодолтой байна вэ?

30:38 гэсэн тоог хэн хаанаас гаргасаныг мэдэхгүй байна. Гэхдээ би аль ч та л нь биш. Үзэл бодол таарах, зөрөх асуудлууд байгаа ч үүн дээр заавал талцал хуваагдал гэж харахыг хүсэхгүй байна.  

Ярилцсанд баярлалаа. 





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна