Ерөнхийлөгчийн санаачилсан "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийн төслийн талаар мэдвэл зохих зүйлс

Zuv.mn
3 цаг 22 минутын өмнө

-"Ард түмний хүсэл" нэрээр эрхийг нь хасах хууль орж ирсэн үү-

Ирэх пүрэв гарагт УИХ-ын Чуулганаар орох гэж буй, Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилж өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар гарч буй эргэлзээтэй асуудлуудад хариулт өгөх баримтуудыг Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжоос шүүрдэж, сонгогч буюу ард иргэдэд илүү ашигтай илүү дээр хувилбар байж болох эсэхийг холбогдох баримт бичгүүдээс эрж хайн олсноо та бүхэнд хүргэж байна.    

 Ерөнхийлөгч санаачлах эрхтэй юу

Монгол Улсын Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 1-д “Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно” гэж заажээ.

Тэрхүү хүрээ хязгаарыг харин УИХ-ын тухай хуулийн 36 дугаар зүйлд бичсэн бөгөөд Үүнийг УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн институциуд нэг, нэгнийхээ талаар хууль санаачлахыг хориглосон хориг юм байна гэж ойлгож болно.  

Энэ хуульд Ерөнхийлөгчийн хууль санаачлах хүрээ хязгаарыг 36.3-т "Ерөнхийлөгч хууль санаачлахдаа Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсгийг баримтална" гэж тодорхойлон бичжээ. Үндсэн хуулийн 33.4-т харин  "Гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлж, УИХ-тай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах" гэсэн байна.

Түүнчлэн, УИХ-ын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1.1-д “Улсын Их Хурлын үйл ажиллагаа, хуралдааны дэгтэй холбоотой хууль тогтоомжийн төслийг зөвхөн Улсын Их Хурлын гишүүн санаачлах ба бусад хуулийн төслийг өргөн мэдүүлэх, Улсын Их Хурлаар хэлэлцэх, батлахдаа дагалдах хэлбэрээр Улсын Их Хурлын үйл ажиллагаа, хуралдааны дэгтэй холбоотой хууль тогтоомжийг өөрчлөхийг хориглоно” гэж заасан” бөгөөд Ерөнхийлөгчийн санаачилсан хууль “УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль” гэсэн нэртэй байгаа нь л Ерөнхийлөгч Үндсэн хууль, бусад хуульд заасан хүрээ хязгаарыг давсан уу гэсэн эргэлзээг төрүүлж байгаа юм.   

Ерөнхийлөгч үнэхээр ард түмэнд хайртайдаа өмнөөс нь хууль санаачилж өгсөн үү

Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Төрийн байгуулалтын Байнгын хороогоор хэлэлцэх үед ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр “Ард түмэн сонгосон гишүүнээ эгүүлэн татахыг хүсэж байгаа тул Ерөнхийлөгч бүх ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувиар өмнөөс нь хууль санаачилж байна” гэсэн утгатай тайлбар, танилцуулга хийсэн.

Гэвч хуулийн төсөлдөө “9.1.4.Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т зааснаар гишүүн Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд танилцуулсан;” гэж оруулснаараа эгүүлэн татах эрхийг тухайн гишүүнийг сонгож УИХ руу оруулсан субъект болох сонгогчдод нь биш, 9 гишүүний 6-гийнх нь томилгоонд өөрөө шууд болон шууд бусаар оролцох боломжтой /ҮХЦ-ийн 9 гишүүний гурвыг Ерөнхийлөгч томилдог бол гурван гишүүнийг Улсын дээд шүүх томилдог. УДШ-ийн 25 гишүүнийг бүгдийг нь Ерөнхийлөгч батламжилдаг/ ҮХЦ-д шилжүүлж өгөх агуулгатай болжээ.

Түүнчлэн, Ерөнхийлөгчийн санаачилсан хууль нь эрх баричг МАН-ын 2024-2028 онд хэрэгжүүлэхээр амалсан “Шинэ сэргэлтийн бодлого, Бүсчилсэн хөгжлийн реформ” мөрийн хөтөлбөрийн 4.3.1. Улсын Их Хурлын гишүүдийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих механизмыг хялбаршуулж, сонгогчдын саналаар эгүүлэн татах эрх зүйн орчныг бүрдүүлнэ” гэж заасантай зөрчилдөж байна.

Бүр тодорхой хэлбэл, эрх баригч МАН угаас сонгосон гишүүнээ эгүүлэн татах эрхийг сонгогчдод нь өгөх хууль санаачлах үүрэг амлалт авчихсан бөгөөд биелүүлэх үүрэгтэй. Гэтэл Ерөнхийлөгч урдуур нь орж, эгүүлэн татах шийдвэрийг Үндсэн хуулийн цэц гаргах хууль санаачилсан нь МАН-ын санаачилахаар амалсан хуультай харьцуулахад иргэдийн эрх ашгийг ноцтой дордуулжээ.

Эндээс харахад, “Ерөнхийлөгч ард түмний өмнөөс УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хууль санаачилж өгсөн” гэсэн танилцуулга, тайлбар ихээхэн эргэлзээтэй нь харагдаж байна.

Хууль батлагдвал иргэдэд биш, Ерөнхийлөгч, Парламентад суудалтай улс төрийн намын дарга нарт ашигтай

Монгол Улсын Үндсэн хуульд УИХ-ын гишүүнийг ялгамжтай тодорхойлоогүй байхад энэ хуульд /9.1.6/ “жагсаалтын” гэж ялгаж, иргэдийн сонголтыг үгүйсгэн, нам жагсаалтыг сонгоод л УИХ-ын гишүүн болгосон мэт ташаарсан. Тодруулбал, ард түмний сонголтоор гарч ирсэн, ард түмэнд үйлчлэх тангараг өргөсөн жагсаалтын гишүүдийг ард түмнээс булааж, намын даргын халаасанд хийх гэжээ.  Энэ нь шууд утгаараа Парламентад суудалтай намын даргын эрх мэдлийг үлэмж нэмэгдүүлж байгаа бөгөөд ялангуяа эрх баригч намын даргын эрх мэдлийг үлэмж нэмэх заалт болсон байна.

МАН-ын Бүлгийн 68 гишүүн мөрийн хөтөлбөрөө биелүүлж, УИХ-ын гишүүнийг сонгогчид нь эгүүлж татдаг болгох гарц байна

Үндсэн хууль, бусад хуульд заасан хүрээ хязгаарыг давсан энэ хуулийг УИХ хэлэлцэхгүй нь бараг тодорхой болов уу. Гэхдээ, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах, хариуцлагыг нэмэгдүүлэх нийгмийн захиалга байгаа нь тодорхой учраас энэ эрхийг нь сонгогчдод өгөх агуулгатай хуулиа эрх баригч МАН яаралтай оруулж ирж батлах, баталсан өдрөөс дагаж мөрдөх шаардлага байна.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна