-Үндсэн хууль хэрэгждэг бол Ерөнхийлөгчийн санаачилсан хууль УИХ-ын босго давахгүй-
Монгол Улсын Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 1-д “Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно” гэж заасан нь бий.
Хууль санаачлах хүрээ хязгаарыг УИХ-ын тухай хуулийн 36 дугаар зүйлд бичсэн байдаг.
Хуулийн 36.3-т "Ерөнхийлөгч хууль санаачлахдаа Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсгийг баримтална" гэж тодорхойлон бичжээ. Үндсэн хуулийн 33.4-т харин "Гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлж, УИХ-тай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах" гэсэн байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрх мэдэл тун чиг хумигдмал аж.
Гэтэл хуульд заасан, институци хоорондын зөрчлөөс урьдчилан сэргийлсэн маш чухал үзэл санааны эсрэг зүйл хийсэн нь З.Энхболд зэрэг хүмүүс Үндсэн хуулийн 35.2 дугаар зүйлийг амилуулах асуудлыг хөндөхөд хүргэсэн болов уу.
Үндэслэл ч байгаа юм байна. Жишээ нь, Монгол Улсын Үндсэн хуулийн 35 дугаар зүйлийн 1-д “Ерөнхийлөгч Улсын Их Хуралд ажлаа хариуцна” гэж заасан байдаг. Энэ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-д /ард түмэнд/ ажлаа тайлагнах ёстой ч тийм зүйл болж байгаагүй аж. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчиж, УИХ түүнийг л үл мэдээч болж явжээ.
Өөр нэг үндэслэл нь мэдээж, Түүний санаачилсан УИХ-ын тухай хуулийн төсөл. УИХ-ын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1.1-д “Улсын Их Хурлын үйл ажиллагаа, хуралдааны дэгтэй холбоотой хууль тогтоомжийн төслийг зөвхөн Улсын Их Хурлын гишүүн санаачлах ба бусад хуулийн төслийг өргөн мэдүүлэх, Улсын Их Хурлаар хэлэлцэх, батлахдаа дагалдах хэлбэрээр Улсын Их Хурлын үйл ажиллагаа, хуралдааны дэгтэй холбоотой хууль тогтоомжийг өөрчлөхийг хориглоно” гэж заасан” бөгөөд Ерөнхийлөгчийн санаачилсан хууль “УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль” гэсэн нэртэй байгаа нь л Ерөнхийлөгч Үндсэн хууль, бусад хуульд заасан хүрээ хязгаарыг давсан уу гэсэн эргэлзээг төрүүлж буй.
Хэрвээ Ерөнхийлөгч хуульд заасан хүрээ хязгаарыг давж гишгэсэн нь батлагдвал Үндсэн хуулийн 35 дугаар зүйлийн 2 буюу “Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхийн саналаар огцруулна” гэсэн заалт амь орох юм. УИХ-ын дарга асан З.Энхболд өчигдөр энэ талаар ярьсан билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна