Ядуурал ба сугалааны эрин үе

Х.Батсайхан
2026/04/15

Монголчуудын амьдрал сугалаа гэгч зүйлтэй хамраалтай, бүр нягт холбоотой болжээ. Энд үндэсний хэмжээнд тохирол явуулдаг, тогтсон уламжлалтай сугалааны талаар яриагүй байна. Харин төрийн арчаагүй байдлаас болж иргэд сугалаанд шимтэж, ашиглуулж, донтож байгааг хэлж байна.   

Төр шийдэж чадахгүй байгаа асуудлаа сугалаагаар шийдвэрлэдэг, иргэн нь олоогүй баялгаа сугалаагаар олж авах гэж тэмүүлдэг ийм л нэг улс болчихож.

“Үнэн ба зөв” намаас өчигдөр төв талбайд зохион байгуулсан Ард түмний чуулган ч сугалаанаас ангид болсонгүй. Хонжворт нь яг одоо үнэн нь өсөж, сэдэв болж байгаа үхрийн махыг багтаасан нь ч хоржоонтой. Улс төрийн нам аливаа акц хийх, жагсаж цуглах, эвлэлдэн нэгдэх нь хуулиар олгогдсон эрх ч тэнд цуглаж буй иргэд сугалаанд хожих найдвар биш, үзэл бодлоороо нэгдэн нийлж байх нь зүй ёсных баймаар. Гэвч үгүй айж болохыг Үнэн ба зөв нам харуулав.

Ядуурал ба суглааны алтан үе

Статистик мэдээллийг харвал сүүлийн арван жилд Монгол Улсад ядуурлын түвшин харьцангуй буурчээ. Гэхдээ бодит амьдрал дээр нийгмийн давхраажилт гүнзгийрч,  баячууд нь хэт баяжиж, ядуу нь улам ядуурсан байна.

Монголд 1990-ээд оны эхээр амьдрал ямар байсныг бүгд мэднэ. Зах зээлийн тогтолцоог амар хялбараар баяжих боломж гээд ойлгочихсон, хүн бүр ядуу, мөнгөний төлөө юу эсийг хийж байсан тэр үед Монголд хонжворт сугалаа цэцэглэж байсан юм. Харин одоо хоёр дахь мандан бадралын үе нь үргэлжилж байна. Ялагч бүгдийг авах зарчимтай либералууд биш, иргэдэд тэгш гарааны боломж олгох зүүний номлолтой МАН эрх барьж байгаа үед ийм үр дүн гарсан нь бас л хоржоонтой.

Гаднын улсад сугалаа бол амьдралын хэвшил, соёл байдаг. Үндэсний хэмжээний ганц, хоёрхон сугалаатай, иргэд нь хариулт мөнгөөрөө худалдан авч азаа үздэг. Харин манайд сугалаа нь, төрийн хувьд хүртээмжтэй байлгаж чадахгүй байгаа хангамж үйлчилгээгээ хуваарилах арга, авхаалж сэргэлэн, алиа зальтайчуудын баяжих арга байсан бол одоо улс төрийн нам талбай дээр хүн цуглуулах арга болов.

Иргэн Доржид үхрийн мах хэрэгтэй, Үнэн ба зөв намд талбай дүүргэх аль болох олон иргэн Доржууд хэрэгтэй. Цугласан иргэдийн дунд үзэл бодлоороо нэгдсэн нь байсан ч сугалаанд найдагсад байсныг үгүйсгэх аргагүй.  

Үүнд зохион байгуулагчдыг ч буруутгах ч юмгүй, эрх баригчдын байж байгаа царай нь л тэр. Иргэдээ ядуу амьдруулж байгааг нь харуулах нэг л илрэл. Нэг хүнд ногдох газар нутгаараа дэлхийд тэргүүлдэг Монгол Улс иргэдэдээ сугалаагаар газар эзэмшүүлсэн бөгөөд сргууль, цэцэрлэг зэрэг монгол хүүхэд бүрийн эдлэх ёстой эрхийг сугалаагаар хуваарилж ирсэн хар түүхийг өнгөрсөн жилүүдэд бичсэн. Энэ бол яаж ч үгүйсгээд арилгаж чадахгүй үнэн.

Өчигдрийн жагсаалын тухайд, нэг зорилго нь УИХ-ыг тарахыг шаардах байсан. Ийм ноцтой, магадгүй ардаа эрх ашигтай жагсаалд таван ханатай гэр биш, таван өрөө байрны хонжвор амласан бол илүү олон хүн ирэх байсан ч юм бил үү. Энэ бол яавч хэвийн үзэгдэл биш. 

Өмнө нь иргэд өөртөө итгэдэг байсан бол одоо аз, эзэнд найдах болсныг төр засаг зөв өнцгөөс харж, жаахан ч гэсэн сэхээ аваасай билээ.  



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.47.81
    2026/04/15

    Монголчуудыг тархины тураалтай гэж кимүра аяако үнэн хэлжээ.

    Хариулах
  • 202.9.47.81
    2026/04/15

    "Ард түмэн нь харанхуй бүдүүлэг байх тусам төр нь дураараа аашилдаг" гэж оросын агуу сэтгэгч Лев Толстой хэлсэн байдаг.

    Хариулах