Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхийлөгч парламентын дээр байгаа гэдгээ өчигдрийн мэдэгдлээрээ баталлаа

Х.Есү
3 цаг 31 минутын өмнө

Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх эсэхийг 56,4 хувийн саналаар гишүүд дэмжлээ.

Үүнтэй холбогдуулан бид удаа дараа энэхүү хууль дээр эсрэг байр суурь илэрхийлсэн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнээс зарим зүйлсийг тодрууллаа.

Тэрбээр, “Өнөөдөр бол Монгол Улсын парламентын түүхэн дэх гунигтай өдөр болж байна. Монгол Улс парламентын засаглалтай юу Ерөнхийлөгчийн засаглалтай юу гэдэг хандлага сүүлийн хэд хоног үргэлжиллээ. Сүүлийн хэд хоног парламентад маш хүндэтгэлгүй, дээрэнгүй хандаж байна.

Өнөөдрийн санал хураалт илт хууль зөрчсөн хууль бус санал хураалт. Монгол Улс алхам алхмаар дарангуйлал руу шилжиж байна. Хүч түрж энэ хуулийг хэлэлцэхийг дэмжлээ.

Парламентын гишүүд дээр хэрэг үүсгээд барьцаалаад байдаг асуудал харагдаж байна. УИХ-ын дарга илтэд нэг талыг барьж ажиллалаа. Зарим гишүүдийг олон янзаар дарамталсан асуудал удаа дараа гарлаа. Ерөнхийлөгч парламентын дээр байгаагаа өчигдрийн мэдэгдлээрээ баталлаа.

Хэрвээ энэ хууль батлагдвал парламент юу ч дугарч чадахгүй чив чимээгүй болно. Ингэж болохгүй. Парламент руу маш бүдүүлгээр сүүлийн 10 сарын хугацаанд халдлаа. Парламент юу ч биш гэдэг хандлагыг хангалттай гаргалаа.

Ардчилал эрх чөлөө парламентын засаглал бол тэнгэрээс унаж ирдэг зүйл биш. Энэ бол тэмцэж босгодог шийдвэр.

-УИХ-ын даргыг гишүүдэд нөлөөлөхүйц үг хэллээ гэдэг шүүмжлэл гараад байна. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

-Монгол Улсын түүхэнд С.Бямбацогт шиг УИХ-ын дарга нь УИХ-ынхаа халдашгүй байдлын эсрэг өдөржин шөнөжин яваад, парламентыг хадган дээр тавьж Ерөнхийлөгчид өгсөн хүн. Энэ хүн бол түүхэн дэх хамгийн том хараар будагдах спикер. Манай ах нар бүх зүйлийг залиар явдаг арчаагүй аргаасаа салах хэрэгтэй.

"Хаан"-аа могой жилд сунгая гэж О.Амгаланбаатар гишүүн манай өрөөнд орж ирж уулзсан. Ийм увайгүй үйлдэл гаргаж байна.

-У.Отгонбаяр гишүүн таны өрөөнд орж агсам тавьж, маргалдсан асуудал үүссэн гэсэн?

-У.Отгонбаяр гишүүн Хааны дүү Хасарын хувьд надад хандаад байгаа юм уу ойлгоогүй. Ахынхаа үгийг дайгаад байгаа юм шиг. Лхагвын тойм нэвтрүүлэгт ярьсан яриаг шүүмжилсэн. Ерөнхийлөгч өөрөө бүрэн эрхээ хэрэгжүүлж байх үедээ өөрийн төрсөн дүүг парламентын гишүүнээр сонгоод, дүү нь гишүүдийн өрөө өрөө хэсэж агсам тавиад саналд нөлөөлөөд явна гэдэг байж болохгүй.

Өчигдөр Ерөнхийлөгч хүртэл парламентыг сүрдүүлсэн. Хэрвээ энэ хууль батлагдахгүй бол би баталтал нь өргөн барина гэж хэлж байна лээ. Үүгээрээ парламент бие даасан шийдвэр гаргах боломжгүй гэдэг зүйлийг л хэллээ.

Ерөнхийлөгчийн санаачилсан хууль парламентын гишүүдэд ялгавартай хандсан.Худлаа ярьж байхын оронд Ерөнхийлөгчийн засаглалтай болоод, Ерөнхийлөгч өөрөө кабинетаа бүрдүүлээд яваг л дээ. Парламентын засаглалтай гэж худлаа яриад яах вэ дээ" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна