Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан галын хохирлыг тогтоох арга хэмжээ удаашралтай байна. Өчигдөр байгаль орчны сайд Ц.Сандаг-Очир Нөмрөгийн ДЦГ-т гарсан гал түймрийн хохирлыг тооцох Ажлын хэсэг газар зүйн байршил, байгалийн нөхцөлөөс шалтгаалан зурагт хар зураасаар тэмдэглэсэн хэсгээс цааш автомашин, мотоцикль, мориор нэвтрэх боломжгүй боллоо хэмээн мэдээлсэн.
Уг асуудалтай холбогдуулан ажлын хэсгийн явц хэр байгаа талаар тодрууллаа.
Тэрбээр, "Ажлын хэсэг газар дээр нь ажиллаж байна. Машин техник хэрэгсэл явж болохоор бүх газраар нь явсан. Тиймээс яамны зүгээс нисдэг тэргийн тусламж үзүүлээч гэсэн саналыг өчигдөр тавьсан. Үүний дагуу шуурхай хуралдаан зарласан. Хохирлыг үнэн бодитой гаргахын тулд машин явах боломжгүй хэсэгт нь нисдэг тэргээр явах шаардлагатай байгаа.
Онгоц нисгээд хохирол тооцох цэг дээр очиход 3-4 удаагийн сумлагаа хэрэгтэй. Өнөөдрийн бидний авсан мэдээллээр Халх гол дээр онгоцны түлш байхгүй, Дорнодод ч байхгүй. Тиймээс өнөөдөртөө багтаан Улаанбаатар хотоос онгоцны сумлагааны түлш гаргах шаардлагатай байна.
Олон нийтийн сүлжээгээр яваад байгаа дүрс бол 2023 оны Дорнод аймагт гарсан гал түймрийн зургууд явж байгаа. Газар дээр ажиллаж байгаа шинжээч нарын өгсөн мэдээллээр түймэрт өртөн шатсан амьтан одоогоор таараагүй гэдгийг хэлсэн. Мөн хэдий хэмжээний ан амьтан Хятад руу гарсныг тооцоолох боломж одоогоор алга.
Хил дагуу 10 орчим цэг дээр заавал очиж хохирлын үнэлгээ хийх хэрэгтэй байгааг хэлсэн. Нөмрөгийн дархан цаазат газрын 30 орчим хувьд л үнэлгээ тогтоох ажил хийгдэж байгаа. Үлдсэн 70 орчим хувьд нь очиж чадахгүй байна гэсэн үг.
Мобиком компанийн зүгээс шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлэхэд бэлэн байна гэдгээ илэрхийлсэн. Ж.Бямбасүрэн генерал мэдээлэл өгсөн. Ер нь бол байгаль орчны яамнаас, тусгай хамгаалалтын захиргаанаас тусгай хамгаалалттай газарт нэвтрэх хураамж зөвшөөрлөө аваагүй. Үүнийг Нөмрөгийн дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газрын захиргааны дарга хэлсэн. Тухайн ангиас нь зөвшөөрөл аваад явсан гэдгийг өнөөдрийн шуурхай хуралдаан дээр хэлж байсан. Хилийн боомтын захиргаанаас зөвшөөрөл авч тусгай хамгаалалттай газар нэвтрэх шаардлагатай байдаг" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна