Х.Нямбаатар: Намайг дагаж, мөрддөг ажлаа болих хэрэгтэй

Х.Есү
3 цаг 12 минутын өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны хурал Тусгаар тогтнолын ордонд эхэллээ. Хуралд оролцохоор ирсэн хотын дарга Х.Нямбаатараас зарим зүйлсийг тодрууллаа.

Тэрбээр, “Өнөөдрийн хурлаар гурван асуудал хэлэлцэнэ. Нэгдүгээрт нэг жил зургаан сарын хугацаанд Нийслэлийн засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт хэдэн хувьтай байгаа талаар илтгэл тавина. Хоёрдугаарт МАН-ын үндсэн дүрэм болон санхүүжилтийн журмын хүрээнд татвараа төлөөгүй нийслэлийн намын хорооны тэргүүлэгч болон гишүүдэд хариуцлага тооцно. Гуравдугаарт зохион байгуулалтын асуудал.

Нийслэлийн намын хорооны даргад нэр дэвшиж, чөлөөлөх асуудлыг нээлттэй оруулж ирж байгаа. Зарим дэд дарга нар, тэргүүлэгчдийг чөлөөлнө. Надтай өрсөлдөх хүн гарч ирвэл нээлттэй, үгүй бол би ажлаа үргэлжлүүлээд хийнэ.

Туулын хурдны замыг зогсоосон асуудлыг бүтэн сайн ойлгоогүй. Үүн дээр олон улсын арбитртай холбоотой асуудал үүсэх учраас албан ёсоор Засгийн газрын тогтоол гаргаж өгөх хэрэгтэй. Үүнийг намын даргад хэлсэн байгаа.

Т.Даваадалайгийн эхнэртэй холбоотой их л өргөн хүрээний ажил явж байх шиг байна. Өнгөрсөн жилийн Л.Оюун-Эрдэнийн бэрийн цүнхний ажиллагааны үргэлжлэл над дээр явагдаж байна. Миний охины багаасаа тэжээсэн нохойны үнийн гаргаад тавьчихсан ч байх шиг. Охины минь биеийн байдал сайнгүй байгаа. Үүнийг нь өнгөрөөж байгаад оролдоорой гэж хэлсэн. Миний амьдарч байгаа газрын дээгүүр дрон нисгэж байна. Араас машин дагаж байна. Надтай албан тушаал булаацалдаад байгаа хүмүүс өнөөдөр ирээд өрсөлд. Дагаж, мөрддөг ажлаа одоо болих хэрэгтэй.

Талбай дээр байгаа хүмүүсийг танай намын нэг нөхөр санхүүжүүлж байна гэдэг зүйлийг хэлсэн. Баянхонгорт алт ухаж нинжа хийдэг байсан хүн өнөөдөр Туулаа хайрлая гээд явж байна шүү дээ. Би харамсаж байна. Эрх мэдэл албан тушаалын төлөө улайрч байгаа хүмүүст эх орны хөгжил ямар ч падгүй юм байна. Гэр бүл үр хүүхдээр оролдох нь хамгийн адгийн арга шүү. 

Э.Бат-Амгалан надад хотын дарга хийх туршлага байна гэж ярьж байсан нээлттэй шүү. Би Улаанбаатарыг түгжрэлгүй утаагүй болгох ажлаасаа нэг ч алхам ухрахгүй" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна