Сангийн сайд З.Мэндсайхан Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан, татвартай холбоотой шийдвэрүүдийг танилцууллаа.
Тэрбээр “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх цалин орлогыг орлогын албан татвараас чөлөөлнө.
Үл хөдлөх хөрөнгө борлуулахад авдаг хоёр хувийн татварыг авахаа болино.
ААН-ийн татварын өмнөх ашиг нь зургаан тэрбумаас доош бол 10, дээш бол 25 хувийн татвар авч байгаа. Үүнийг өөрчилж, зургаан тэрбум хүртэлх ашигтай бол 10, 6-10 тэрбумын ашигтай бол 15, 10 тэрбумаас дээш ашигтай бол 25 хувийн татвар авахаар болж байгаа. Өмнө нь 25 хувийн татвар төлдөг байсан 600 гаруй аж ахуйн нэгж 15 хувийн татвар төлдөг болно.
1.5 тэрбум төгрөгийн борлуулалттай жижиг, дунд ААН-үүд нэг хувийн татвар төлж байгаа. Үүнийг өөрчилж 2.5 тэрбум хүртэлх орлоготой ААН-үүдээс нэг хувийн татвар авна. Ингэснээр 180 мянган ААН-ийн татвар нэг хувь болж ачаалал нь буурна.
НӨАТ төлөгчийн босго 50 сая төгрөг байгаа. Жижиг, дунд ААН-үүдээс энэ босгыг нэмэгдүүлж өгөөч гэсэн хүсэлт их ирдэг. Тиймээс 400 сая төгрөгөөс дээш орлоготой бол НӨАТ төлөгчөөр бүртгэдэг болно.
100 мянган ам.доллароос дээш үнэтэй автомашины 100 мянган ам.доллороос дээших үнийн дүнгээс нь 33 хувийн онцгой албан татвар авна.
Татвараа төлөөлгүй ААН-үүдийн дансыг хаадаг. Үүнийг өөрчилж орлогынх нь 80 хувийг нь татан авдаг болно. Ингэснээр үйл ажиллагаа нь зогсохгүй.
Татварын акт тавигдсанаас хойш хэрэг шүүхээр шийдэгдэх хүртэл торгууль, алданги нь өсөж явдаг, үүнд ямар нэг хязгаар байдаггүй. Үүнийг Иргэний хууллтайгаа нийцүүлж, үндсэн төлөрийнхөө 50 хувиас хэтрэхгүй байх эрхзүйн орчныг бүрдүүлэх шийдвэр гаргалаа. Тайлангийн залруулах хугацааг хоёр жил болгож сунгаж байгаа. НӨАТ төлөх хугацааг хоёр сар болгож хойшлуулна. Энэ бол импортын бизнес эрхэлдэг ААН-үүдэд ашигтай. Нэг ёсондоо оруулж ирсэн бараа бүтээгдэхүүнээ зарж борлуулсныхаа дараа НӨАТ-аа төлөх боломжийг нээж өгч байгаа юм. 2026 оны гуравдугаар улирлаас хэрэгжүүлээд явах боломж байгаа.
Ингэснээр төсөв дээр 2.2 их наяд төгрөгийн ачаалал ирж байгаа. Энэ ачааллыг 2027, 2028 ондоо шийдээд явах боломж бий” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна