​ Хариуцлагатай уул уурхайг дэмжсэн аймаг орон нутаг илүү АМНАТ хүртдэг болно

Zuv.mn
2 цаг 50 минутын өмнө

Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр Ашигт малтмалын тухай хуульд хөрөнгө оруулалтыг дэмжсэн нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцээд УИХ-д өргөн барих шийдвэр гаргажээ.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням энэ талаар “Гол өөрчлөлт нь АМНАТ дээр орж байгаа тодруулбал, уул уурхайг дэмждэг, хариулцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд дэмжиж, хамтарч ажилладаг орон нутагт АМНАТ-өөс ногдох хувь хэмжээ нь өндөр байна. Өөрөөр хэлбэл, орон нутаг харилан адилгүй АМНАТ-ын хувь хүртэнэ гэсэн үг. Мөн дээрх байдлыг таван үзүүллтээр үнэлээд аймаг төдийгүй суманд ч үлдээх боломжтой болно.

АМТХуульд оруулах дараагийн томоохон өөрчлөлт бол зэсийн салбар. Монгол Улсын эдийн засаг өнөөдөр нүүрсэнд суурилсан эдийн засаг болчихоод байгаа. Зөвхөн өнгөрсөн жил зэсийн үнийн огцом өсөлтөөс болж орж ирэх орлого нь нүүрснээс давсан тохиолдол анх удаа болсон.

Өнөөдөр манай улс зэсээр баялаг гэх боловч хоёрхон төсөл хэрэгжиж байна. Нэг нь “Эрдэнэт” УБҮ, нөгөа нь Оюутолгой. “Эрдэнэт” нь 21.6 хувийн буюу дэлхийд байхгүй өндөр НӨАТ төлж байгаа. Оюутолгой нь 5 хувиар төлдөг. Энийг олон улсын түвшинд хүргэж бууруулснаар бид зэсийн салбараа хөгжүүлж, шинэ төслүүд хэрэгжүүлэх боломжтой болно. Хууль батлагдаж чадвал Цагаан суваргын орд шууд ашиглалтад ороод явна. Цаана нь 10-аад төсөл байгаа.

Гурав дахь нь хайгуулын тусгай зөвшөөрөл. Манайд хайгуулын тусгай зөвшөөрөл ашиглалтын тусгай зөвшөөрлөөс хоёр дахин бага болчихсон.

Олон улсад хайгуулын зөвшөөрөл ашиглалтын зөвшөөрлөөс тав дахин их байдаг. Манайд бол 1000 хайгуулын зөвшөөрлөөс нэг орд олддог. Тиймээс хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг нэмэгдүүлж, нээж өгөхгүй бол ирээдүйд эдийн засаг тэлэх ямар ч боломжгүй.

Гэхдээ, лиценз олголтыг нэмэх ч хугацааг нь бага, төлбөрийг нь өндөр болгож байгаа. Энэ нь нэг хайгуулын тусгай зөвшөөрлийг хадгалаад байдаг асуудлыг үгүй болгоно. Мөн нөхөн сэргээлт хийх зардлыг урьдчилж авдаг болно. Ийм өөрчлөлтүүдийг тусгалаа. Засгийн газар ингээд дэмжсэн учраас удахгүй УИХ-д өргөн барина” гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна