С.Баярцогт Ардчилсан намын ЕНБД болох уу

Zuv.mn
1 цаг 46 минутын өмнө

-Ардчилсан намын ҮБХ өнөөдөр хуралдаж ЕНБД-аа сонгоно-

Ардчилсан намын ҮБХ өнөөдөр хуралдаж, ЕНБД-аа сонгоно. Тус намын Улс төрийн зөвлөл өмнө нь С.Баярцогтыг ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр томилсон ч уржигдар Хяналтын ерөнхий хороо нь хуралдаж, Улс төрийн зөвлөлийг 34 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан тогтоолоо хүчингүй болгосон. Ингэснээр Улс төрийн зөвлөлөөс ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр томилсон шийдвэр мөн хүчингүй болж, С.Баярцогтын статус үгүй болж, давуу талаа алдсан талаар хэвлэлд бичигдсэн. Сураг сонсох нь ээ, Улс төрийн зөвлөлийн гишүүнийг сонгох сонгууль нь будлиантай болсон учраас тогтоолоо хүчингүй болгосон гэх. Гэвч намынх нь албан ёсны цахим хуудаст энэ талаар мэдээ байтугай үг, үсэг ч алга.

Үнэхээр тийм л шударга сонгууль хүсдэг юм бол өнгөрсөн сард сүр дуулиантай явагдсан ҮБХ-ны сонгуулийг ч хүчингүй болгох ёстой гэсэн байр суурь илэрхийлэх хүн олон байна.    

ЕНБД-д өрсөлдөх гол нэр дэвшигч гэгдэж буй С.Баярцогт хэд хоногийн өмнө “АН-ын зургаан фракцын дөрөв нь намайг дэмжиж байгаа” гэж мэдэгдсэн.

“Ардчилсан намын гишүүд өөр, өөрсдийн үзэл бодолтой. Манай намын 230 мянган гишүүнээс 10 хүрэхгүй хүн ийм зүйлийг эсэргүүцэж байгаа. Энэ асуудлыг Ардчилсан намын бодлогын дээд байгууллага болох Үндэсний бодлогын хороо шийднэ. Үндэсний бодлогын хороо 378 гишүүнтэй, олонхийн саналаар шийдвэр гаргана” гэж тэрбээр хэлсэн юм.

Бодит байдал дээр С.Баярцогтыг АН дахь Женко Х.Баттулгын фракц эсэргүүцэж байгаа боловч  өөдөөс нь сөргүүлээд өрсөлдүүлчих хүн үгүй байгаа нь үнэн. Үүнийг ҮБХ-ны өмнөх хурал тод харуулсан бөгөөд нэр дэвшигчдээс хэн нь ч 50-иас дээш хувийн санал аваагүй. ҮБХ-ндоо 50 хувийн дэмжлэггүй хүнээс юу хүлээх билээ.

Тиймээс өнөөдөр болох хурлаар ЕНБД-д С.Баярцогт дэвшиж ялалт байгуулах магадлал өндөр байна. Ирэх сонгуулиудад намаа амжилттай зангидаж чадах эсэх тухайд, ҮБХ-ноос авах саналын хувь нь их юм хэлнэ.    

ҮБХ-ны хурал Төрийн ордонд 09.00 цагт эхэлнэ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна