Хойд Америкийн Үндэсний сагсанбөмбөгийн холбооны “Мэмфис Гризлиз” багийн довтлогч Брэндон Кларк 29 насандаа нас барсан гэх мэдээлэл өчигдөр түгж спортын ертөнцийг түгшээсэн билээ.
Үхлийн шалтгааныг албан ёсоор зарлаагүй ч хар тамхины тун хэтрүүлсэн байж болзошгүй гэж таамаглаж байна. Учир нь, тоглогчийн гэрээс хар тамхи хэрэглэхэд ашиглахад багаж хэрэгсэл олдсоноос гадна, өнгөрсөн хоёрдугаар сард Арканзас мужид хурд хэтрүүлсэн хэргээр баригдаж, улмаас нэгжлэг хийхэд машинаас нь тус мужид хуулиар хориглосон марихуан, кратом олдож байжээ.
Брэндон Кларк 2019 оны драфтаар “Мемфис гризлиз” багт сонгогдон, зуны лигт сайн тоглож “Үнэ цэнтэй тоглогч”-оор шалгарч, тухайн улиралдаа ҮСБХ-ны шинэ цэргүүдийн гарааны тавтад сонгогдож байсан. Гэвч өвдөгний гэмтлээр шаналж, 2023 оны гуравдугаар сараас хойш 72-хон тоглолтод оролцсон гэнэ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 20-нд “Вашингтон”-той тоглосон нь түүний хувьд ҮСБХ-ны лигт тоглосон сүүлийн тохиолдол болсон байна.
ҮСБХ-нд данстай тоглогч нас барах нь маш ховор тохиолддог. Шинэ зуун гарснаас хойш ийм тохиолдол ердөө хоёр гарсан нь 2005 онд зүрхний ачааллаас бол нас барсан “Атланта” багийн төвийн тоглогч Жейсон Коллиер, 2016 онд бусдад алуулсан “Шинэ Орлеан”-ы хамгаалагч Брайс Дежан-Жонс нар юм. Брайс Дежан-Жонс нь архидан согтуурсан үедээ экс найз охиныхоо гэрт очсон боловч давхраа андуурч, өөр айлын хаалга нүдсэнээр гэрийн эзэгтэй айсандаа буудаж хөнөөсөн байдаг аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна