"АНУ, МЕКСИК, КАНАД 2026": Мануэль Нойер шигшээ багтаа эргэж ирнэ

Zuv.mn
1 цаг 35 минутын өмнө

Хоёр жилийн өмнө шигшээ багаасаа зодог тайлж буйгаа мэдэгдсэн хаалгач Мануэль Нойер шигшээ багтаа эргэж ирэхээр болжээ. Зүгээр ч нэг эргэж ирээд зогсохгүй АНУ, Мексик, Канад гурван улсад болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд багийнхаа үндсэн хаалгачаар очно гэж сэтгүүлч Флориан Платтенберг бичсэнийг хэвлэлүүд эх сурвалж болгон энэ талаар мэдээлж байна.

Ф.Платтенбүргийн бичсэнээр, шигшээ багийн ахлах дасгалжуулагч Хулиан Нагельсманн энэ шийдвэрийг гаргасан бөгөөд өнгөрсөн долоо хоногт Руди Феллер, Мануэль Нойер нартай гурвалсан уулзалт хийж, энэ асуудлаар эцэслэн тохиролцсон гэнэ.

Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол Мануэль Нойер тав дахь ДАШТ-дээ дараалан оролцоно гэсэн үг юм.

Мануэль Нойер Германы шигшээ багт 2009 оны зургадугаар сарын 02-нд АНЭмиратын шигшээтэй тоглоход анх дуудагдсан. Тэр үед Йоахим Лёв шигшээ багаас зодог тайлсан Йенс Леманныг орлох найдвартай хаалгачийн эрэлд мордоод байсан бөгөөд хамгийн боломжит сонголт нь Йенс Леманны сэлгээ байсан Роберт Энке байв. Гэвч 2009 оны арваннэгдүгээр сард амиа хорлож нас барснаар дасгалжуулагчийн хараа Рене Адлер дээр тусаж эхэлсэн. Гэтэл маш авьяаслаг энэ хаалгач гэмтэл авснаар Мануэль Нойер “ӨАБНУ 2010” ДАШТ-д оролцож, тэнд хагас шигшээд шалгаран шигшээ баг дахь алдрын замналаа эхлүүлсэн түүхтэй.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна