ОЮУТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭР: Зарчмыг нь өөрчлөхгүй бол менежментийн төлбөрийн хувь хэмжээг бууруулаад ч үр дүн багатай

Zuv.mn
1 цаг 40 минутын өмнө

Оюутолгой төслийн санхүүжилтийн зээлийн хүү, менежментийн төлбөрийг бууруулах талаар хэлэлцээр хийж буй Монгол Улсын Засгийн газар, "Рио Тинто" группын төлөөлөгчид эхний үр дүндээ хүрч, Оюутолгой ХХК-иас "Рио Тинто"-д төлдөг менежментийн төлбөрийг 50 хувиар бууруулахаар тохиролцжээ. 

Манай тал "Рио Тинто"-д,

1. “Оюу Толгой” төслөөс Монгол Улсад ногдох өгөөжийг 60-аас дээш хувьд хүргэх,

2. Хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг хоёр дахин бууруулах,

3. Менежментийн төлбөрийн хувь хэмжээг бууруулж, зардлаас тооцдогийг болиулах, улмаар 2030 оноос “Оюу Толгой” ХХК менежментийн хувьд бие даан ажиллах,

4. Монгол Улсад 2026 онд багтаан ногдол ашиг хуваарилах,

5. “Онтрэ” компанийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т заасны дагуу байгалийн баялгийн өгөөжийн дийлэнх ард түмэнд ногдох зарчимд нийцүүлэх гэсэн таван шаардлага тавиад буй. 

Дээрх таван шаардлагаас ийнхүү менежментийн төлбөрийг 50 хувиар бууруулах үр дүн гаргалаа. Гэхдээ, Оютолгой төсөл хэрэгжиж эхэлсэн цагаас хойш л яригдсан менежментийн төлбөрийг тогтоохдоо баримталдаг зарчмыг өөрчлөх талаар мэдээлэлд дурдагдсангүй. Тодруулбал, "Рио Тинто" групп Оюутолгой төслийг удирдсаныхаа төлөрийг зардлаас тооцож авдаг бөгөөд зардал хэдийичинээ өснө, төдийчинээ их төлбөр авах зарчим үйлчилдэг юм. Үүнийг өөрчилж, үр ашигтай ажиллуулсан тохиолдолд цэвэр ашгаас менежментийн төлбөр тооцож өгдөг байх зарчим руу шилжих, Оюутолгой ХХК хэдийчинээ их зардал гаргана, Рио Тинто төдийчинээ их төлбөр авах энэ зарчмыг өөрчлөх эсэх, цаашид менежментээ бие дааж хийх эсэх зэрэг асуудлаар ямар тохироонд хүрсэн талаар Засгийн газрын мэдээлэлд дурдагдсангүй. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна