Ерөнхий сайд Н.Учрал “Эрчим хүчний салбарын цахим шилжилт, ухаалаг хэрэглээ" өдөрлөгт оролцож байна. Өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ тэрбээр “Өөрчлөлт шинэчлэлтийг гацааж цаасан дээр зураг, төсөл хэлбэрээр үлдээж ирснийг улсаараа төлж байна. Иймд ухаалаг, удирдлага, хэрэглэгчийг хамтдаа эхлүүлж байгаадаа сэтгэл дүүрэн байна. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд Эрчим хүчний яам манлайлал үзүүлж ажилласны хүчинд олон хүнд суртлыг арилгаж чадлаа. Эрчим хүч тэргүүлэгч салбар. Эрчим хүчийг зөвхөн эх үүсвэр, хүчин чадлаар нь биш ухаалаг хэрэглээ, дижитал удирдлага, хэрэглээний соёлоор хэмжих цаг эхэлж байна. Иргэд цахилгаан, дулааны хэрэглээгээ гар утаснаасаа хянадаг технологи руу хамтдаа орж байна. Цаашид өрх бүр цахилгаан үйлдвэрлэгч болно. Энэ апплейкшнд айл бүр хамрагдах боломж бүрдүүлнэ. Айл өрх, ААН-үүдийн нарын болон салхины эрчим хүчийг сүлжээнд үр ашигтай нэвтрүүлэх болно. Импортын эрчим хүчнээс хараат байдлыг багасгаж, зардал хэмнэж, эдийн засгийн үр ашиг сайжирна гэж үзэж байна” гэлээ.
Өдөрлөгт инженер мэргэжилтнүүд, хөрөнгө оруулагч, иргэд бүтээлч санаачилга, оновчтой шийдэл, шинэ технологоо танилцуулж буй юм.
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах, төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээг дотоодын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах, эрчим хүчний системийн тогтвортой ажиллагааг дэмжих зорилгоор “Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах тухай" тогтоол баталсан. Энэ хүрээнд таван байршилд нарны цахилгаан станц болон батарей хуримтлуурын систем бүхий төслүүдийг хэрэгжүүлэхээр болсон. Тодруулбал,
-Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум 50 МВт нарны станц, 30 МВт / 100 МВт.ц батарей хуримтлуур
-Дундговь аймаг, Сайнцагаан сум 50 МВт нарны станц, 30 МВт / 100 МВт.ц батарей хуримтлуур
-Булган аймаг, Орхон сум 50 МВт нарны станц, 30 МВт / 100 МВт.ц батарей хуримтлуур
-Хэнтий аймаг, Хэрлэн сум 20 МВт нарны станц, 15 МВт / 40 МВт.ц батарей хуримтлуур
-Өвөрхангай аймаг, Хархорин сум 50 МВт нарны станц, 30 МВт / 100 МВт.ц батарей хуримтлуур барина.
Сэргээгдэх эрчим хүчний энэхүү бүтээн байгуулалтыг өвлийн оргил ачааллаас өмнө буюу энэ оны арванхоёрдугаар сарын 1-нд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Бүтээн байгуулалтыг улсын төсвөөс санхүүжүүлэхгүй, үндэсний компаниуд, аж ахуйн нэгжүүдээ дэмжих хүрээнд Засгийн газар анх удаа Сэргээгдэх эрчим хүчний салбарт өрсөлдөөнт сонгон шалгаруулалт /аукцион/ зарласан. Энэ хүрээнд долдугаар сарын 1-нээс өмнө энэ ажлыг эхлүүлэх юм.
Ерөнхий сайд Н.Учрал сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй улсын хувьд боломжоо ашиглах ёстой. Нарны станцуудыг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахад анхаарч ажиллахыг Эрчим хүчний сайдад даалгаад байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна