Д.Сумъяабазар: Хот хүчтэй байж улс хүчтэй болно

Б.Мөнхболд
1 цаг 49 минутын өмнө

Нийслэл хотын эдийн засаг, төсөв, санхүүгийн асуудлаар Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороон дээр ерөнхий хяналтын сонсгол явагдаж буйтай холбогдуулан хотын дарга асан Д.Сумъяабазар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр хотын даргаар ажиллаж байх хугацаандаа нийслэлийг зөвхөн төсөв хуваарилуулдаг захиргааны нэгж бус, өөрийн эдийн засаг, санхүүгийн чадамжтай, хөгжлийн бодлогоо тодорхойлдог эрх зүйн бүрэн боломжтой хот болгох зорилтыг тууштай дэвшүүлж ирснээ онцлов.

Д.Сумъяабазарын хэлснээр, сүүлийн 28 жилийн хугацаанд нийслэл хот эдийн засгийн хувьд бие даасан тогтолцоогүй, эрх мэдэл болон санхүүгийн чадамж нь хязгаарлагдмал явж ирсэн байна. Харин сүүлийн зургаан жилд, ялангуяа 2020 оноос хойш хотын бие даасан байдлыг бэхжүүлэх чиглэлд эрх зүйн томоохон шинэчлэлүүд хийгдсэн гэж тэр үзэж байна.

Тэрбээр эдгээр шинэчлэл нь хэн нэгэн албан тушаалтны эрх ашигт бус, нийслэлийн ирээдүйн хөгжлийн төлөө хийгдсэн алхам байсан гэдгийг тодотгов. Мөн улс төрийн сорилт, эсэргүүцэл, олон шалгуурыг давж байж өнөөгийн эрх зүйн суурь тавигдсан гэжээ.

УИХ-аас хотын төсөв, эдийн засгийн асуудлыг хэлэлцэж, хяналт тавьж байгаа нь төрийн тогтолцооны хувьд зүй ёсны үйл явц гэж тэр үзэж байгаа ч энэ нь хотын эрх зүйн чадамж, эдийн засгийн бие даасан байдлыг сулруулах бус, улам бататгах чиглэлд өрнөх ёстой гэж байр сууриа илэрхийллээ.

“Хот хүчирхэг байх тусам иргэдэд үзүүлэх үйлчилгээ сайжирна. Хот санхүүгийн хувьд бэхжих тусам улсын эдийн засаг тэлнэ” хэмээн тэрбээр онцолсон байна.

Мөн олон жилийн хөдөлмөрөөр бий болсон эрх зүйн шинэчлэлийн ололтыг хамгаалж, цаашид улам хөгжүүлэх нь өнөөдрийн нийтлэг зорилго байх ёстой гэжээ.

Д.Сумъяабазарын байр сууринаас харахад, нийслэл хотыг зөвхөн захиргааны нэгжээр хязгаарлах бус, өөрийн эдийн засагтай, санхүүгийн чадамжтай, иргэддээ шууд үйлчилгээ үзүүлдэг, хөгжлийн бодлогоо өөрөө тодорхойлох эрх зүйн боломжтой бие даасан институци болгох шаардлагатай гэж үзэж байна.

Тэрбээр “Хот хүчтэй байж улс хүчтэй болно. Нийслэл бие даан хөгжиж чадвал Монгол Улсын хөгжил ч илүү хурдацтай урагшилна” хэмээн байр сууриа илэрхийлжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна