Монгол Улсын Төрийн шагналд математикч эрдэмтдийн бүтээл дэвшжээ

Zuv.mn
1 цаг 57 минутын өмнө

Монгол Улсын Төрийн шагналд ШУА-МТТХ-ийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Академич, доктор, профессор Т.Жанлав, О.Чулуунбаатар, МУБИС-ийн профессор, доктор, дэд профессор Р.Мижиддорж, ШУТИС-ийн профессор В.Өлзийбаяр нарын “Орчин цагийн тооцон бодох математикийн шинэ онол, чиглэлүүд, хэрэглээ” сэдэвт математикч эрдэмтдийн бүтээл дэвшжээ.

Тус бүтээл дэлхийн шилдэг хэвлэлийн газар болох “SPRINGER NATURE”-т хэвлэгдэж “ELSEVIER SCOPUS” индекс хийсэн бүтээл болж монгол хүн, монгол математикчидын оюуны чадамж, царааг харуулж, дэлхийн математикийн шинжлэх ухаанд шинэ онол, аргуудыг зохиосон сайн бүтээл гэж үнэлэгдэж байна. Энэ багийнхны “New Developments of Newton–Type Iterations for Solving Nonlinear Problems”, “High-order finite difference and finite-element methods for solving some partial differential equations” бүтээлүүд нь олон улсын шилдэг эрдэм шинжилгээний байгууллага болон их сургуулиудын 170 гаруй номын санд байршиж эрдэмтэн, судлаачдын хүртээл болжээ.

Дэвшүүлж буй бүтээлүүдийг бичихдээ олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд 2013 оноос хойш өөрсдийн бичиж хэвлүүлсэн 106 өгүүллийг ашиглажээ. Энэ өгүүллүүдийн 85 нь WEB OF SCIENCE болон SCOPUS-д бүртгэл бүхий сэтгүүлд хэвлэгдсэн байна.

Эдгээр бүтээлийг байгаль орчин, цаг уурын өөрчлөлт, нийгэм эдийн засаг, хиймэл оюун ухаан, эрүүл мэнд зэрэг их өгөгдөлд суурилсан бүх салбарт хэрэглэх боломжтойг тодорхой жишээн дээр туршиж баталгаажуулсан байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна