Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрчим хүчний салбарын ажил хаялтыг энэ сарын 30-ны өдрийн 08:00 цагаас эхлэн зарлахаар болжээ. Энэ тухайгаа салбарын яамандаа ирэх даваа гарагт албан бичгээр хүргүүлэх аж. Тус холбооноос өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.
Эрчим хүчний салбарын нийт 35 байгууллагын 9317 ажилтнаас 28 байгууллагын 6600 ажилтан буюу 70.8 хувь нь ажил хаялтын санал асуулгад оролцож, 94.9 хувь нь ажил хаялтыг дэмжсэн байна.
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Э.Тамир:
-Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүн байгууллага болох Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны үйл ажиллагааны үндсэн чиг үүргийн хүрээнд ажилтан, албан хаагчид, нийт гишүүдийн хөдөлмөрлөх эрх түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах хүрээнд сүүлийн хэдэн сарын турш эрчим хүчний салбарын ажилтан, албан хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгааны асуудал, орхигдоод байгаа асуудлаар Монгол Улсын Засгийн газар эрчим хүчний яамтай удаан хугацаанд олон талаас байр сууриа илэрхийлж, олон хүрээнд хэлэлцээ хийх гэж оролдож, энэхүү асуудлыг хүнд нөхцөлд оруулалгүйгээр зөвшилцлийн арга замаар шийдэхийг хичээсэн. Бид тавдугаар сарын 1-ний өдөр Ерөнхий сайдтай уулзах үеэрээ энэ асуудлыг хөндсөн. Засгийн газрын зүгээс энэ талаар шуурхай арга хэмжээ авч, энэхүү асуудалд тодорхой шийдлийг гаргах болов уу гэж удаан хугацаанд хүлээлээ. Харамсалтай нь, энэ нөхцөл байдал ажилтан хүнд олгосон хамгийн гол эрх болох ажил хаялтын түвшинд очихоос өөр аргагүй байдалд хүрлээ. Үйлдвэрчний эвлэлийн байгууллага болох бидний гол туйлын зорилго бол ажил хаялт биш, бид ажилтан, албан хаагчдынхаа цалин хөлсийг нэмүүлэхийг л хүсэж байна. Гэтэл энэхүү цалин хөлсийг нэмэгдүүлэх хууль тогтоомжоор олгосон гэрээ, хэлцлүүд амжилтгүй болсон учраас ажилтан хүнд өөрт нь байгаа ганц эрх болох ажил хаялтыг хамтаараа зөвшилцөж шийдвэр гаргасан.
Эрчим хүчний салбарын энэ олон ажилтнуудын 94.9 хувь нь дэмжсэн учраас Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо ч тэр, эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо ч тэр гишүүдийнхээ шийдвэрийг хэрэгжүүлэх түвшинд бүх шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх болно. Энэ ажил хаялтын ард улс орны эдийн засгийн нөхцөл байдалтай ч холбоотой үр дагаврууд гарна. Ийм асуудал гарахаас өмнө шуурхай шийдвэрээ гаргаасай гэж хүсмээр байна. Мөн энэхүү ажил хаялтын үйл явцад хэн нэгэн этгээд, албан тушаалтан, магадгүй төрийн захиргааны зарим чиг үүргийн байгууллагууд хөндлөнгөөс нөлөөлөх оролдлогыг хийхгүй шүү. Хэрэв тийм оролдлого гарсан тохиолдолд энэ зөвхөн Монгол Улсын хууль тогтоомжоос гадна олон улсын хөдөлмөрийн байгууллагын Монгол Улсын нэгдэн орсон гэрээ хэлэлцээрээр олгогдсон үйлдвэрчний эвлэлүүдийн хараат бус бие даасан байдалд халдах хөндлөнгийн нөлөөлөл гэж тооцогдож шаардлагатай арга хэмжээг авах болно гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна