Тал нутгаа хараад суухаар сэтгэл дүүрч, тайвшралыг олдог хэмээн ярих контент бүтээгч, англи хэлний багш, орчуулагч С.Энхмандахтай ярилцлаа. Тэрбээр ажил, карьер бүгдийг орхиод говьд гэр бариад амьдарч буй аж.
-Юуны түрүүнд бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Та өөрийгөө танилцуулахгүй юу?
-Урьсанд баярлалаа. Намайг Сэнгэбаатарын Энхмандах гэдэг. Англи хэлний орчуулагч мэргэжилтэй. Гурван жилийн өмнө хотын амьдрал, бүтээсэн карьер, боломжуудаа орхиод говьд амьдрахаар нүүсэн.
-Хотын амьдрал, карьераа орхиод говьд амьдрахаар шийдсэн нь олон хүнд сонирхолтой санагдаж магадгүй. Энэ шийдвэр хэрхэн төрсөн бэ?
-Надад хотод өндөр албан тушаал хашиж, өндөр цалинтай ажиллах боломж байсан. Гэхдээ тийм амьдралыг төсөөлөх төдийд л дотор ертөнц минь хаагдаж байгаа мэт санагддаг байлаа. Харин тал нутгаа хараад суух, гүнзгий амьсгаа авах нь надад илүү эрх чөлөө, тайвшралыг мэдрүүлдэг байсан. Тиймээс сэтгэлийн дуудлагаа дагаж үзье гэж шийдсэн. Ингээд л бүх зүйлээ орхиод, эрдэм боловсролоос өөр зүйлгүй говь руу нүүсэн дээ.
-Анх говьд очоод хамгийн хэцүү нь юу байсан бэ?
-Хотын завгүй амьдралаас холдоход хүн өөртэйгөө нүүр тулдаг юм билээ. Бүх зүйлээ орхиод явах амар байгаагүй. Гэхдээ энэ хугацаанд би өөрийгөө илүү сайн таньж мэдсэн.
-Ойр дотны хүмүүс тань энэ шийдвэрийг хэрхэн хүлээж авч байв?
-Аав ээжийн минь хувьд сайхан боловсрол эзэмшээд явж байсан охин нь гэнэт ийм шийдвэр гаргасанд гайхаж, санаа зовж байсан. Тэдний хувьд ч хэцүү байсан байх гэж боддог. Нөгөө талаас хүмүүсийн хандлага. Өөрийнх нь хүсэж буй зүйлийн эсрэг хандлагатай байхаар ганцаардана. Энд ийм ажил байна, чи орооч гэх хандлага. Би хүмүүсийн нүдэнд ажил хийж харагдахгүй, албан тушаалтай биш л бол надад санаа зовохоос илүү тэр хүмүүст би ашиггүй болох гээд байгаа байхгүй юу. /Инээх/
- Та хүмүүсийн харилцаанд ашиг сонирхол ордог гэж ярьж байна. Энэ талаар?
-Хүмүүс хэн нэгэнтэй яах гэж найзалдаг вэ гэхээр “Манай найз ийм албан тушаалтай” гээд бараг найзаараа гоёх гээд байдаг. Нөгөө талаас Монгол хүний муухай зан нь ашиг харж найзалдаг. “Чи ямар албан тушаалтай юм, чамтай найзалбал би дараа нь ямар зүйлийг хялбар, дөт замаар ашиг хүртэж болох вэ” гэж боддог. Тэр нь надад маш муухай санагддаг. Би өөрийгөө тодорхойлохдоо “нийгмийн үзүүлэлтээр бол хэнд ч хэрэггүй, чи надтай нөхөрлөллөө гээд чамд ямар ч ашиг байхгүй, би албан тушаал хашдаггүй, өндөр карьергүй, гоё байр, машин байхгүй, нүүрээ буддаггүй, брэнд өмсдөггүй, гэр хорооллын захад хашаагүй гэртэй, хажуудаа эко жорлонтой. Надад хүнд гайхуулаад байх зүйл байхгүй. Ингэж бодож байх хугацаанд миний дотоод ертөнц цэцэглэж байсан. Мандах аа, чиний инээмсэглэлийг хэчнээн тэрбум төгрөгөөр худалдаж авч чадахгүй юм байна гэж ойлгосон.
Миний хувьд нийгмийн үзүүлэлтэд тавьсан шатаар өгсөхгүйгээр өөрийнхөө арга замаар аз жаргалтай амьдралыг бүтээе гэж бодсон. Би бусдад өөр өнцгөөр харагдаж магадгүй, яаж ч үнэлэгдэж болно. Гэхдээ би бусдыг шүүдэггүй. Тэр хэмжээгээр бусад хүн ч намайг шүүх хамаагүй.
- Энэ гурван жилийн хугацаанд юу ойлгосон бэ?
Надад банк дүүрэн их мөнгө хэрэггүй, бор гэртээ Богд шиг амьдрах сайхан байна. Инээмсэглэж байхад миний сэтгэл санаа тэр хэмжээгээрээ тайван болж байна. Сэтгэл санаагаа тайван байлгахын тулд өөртэйгөө маш их ярилцаж байгаа. Надад юу хэрэгтэй, юу чухал вэ гэдгийг тодорхойлж байна. Надад миний тайван байдал, амьдрал л чухал. Энэ бүхнийг эргээд харахад хайгаад байдаг аз жаргал гэдэг чинь “сэтгэлийн доторх амар амгалан” юм байна. Хүн болгон их мөнгөтэй, баян болох юмсан гэж боддог ч эцсийн эцэст тэр хүн сайхан гүнзгий амьсгаа аваад тайван амьдрах юмсан гэж мөрөөддөг болов уу гэж бодох боллоо.
Надад банк дүүрэн их мөнгө хэрэггүй, бор гэртээ Богд шиг амьдрах сайхан байна. Хүн болгон их мөнгөтэй, баян болох юмсан гэж боддог ч эцсийн эцэст тэр хүн сайхан гүнзгий амьсгаа аваад тайван амьдрах юмсан гэж мөрөөддөг болов уу гэж бодох боллоо.
- Та нийгмийн сүлжээнд идэвхтэй контент бүтээдэг. Ямар агуулга хүргэхийг зорьдог юм бол?
-Би хүмүүст хүсэл шуналыг санал болгохыг хүсдэггүй. Би нийгмийн сүлжээнд хийдэг бичлэгээрээ хэн нэгнийг ийм гоё зүйл байна, үүнийг худалдаж аваарай, ийм мэс засал байна, мэс засал хийлгээд хөөрхөн болоорой гэдэг зүйлд уриалахыг хүсдэггүй. Харин “чи Англи хэл сураач, би чамд тусалъя, бие чинь хөшөөд таагүй байх юм бол дасгал хийчих ээ, би иог хийдэг юм, чи суугаад таван минут бясалгал, дасгал хийчих ээ” гэх ийм л зүйлийг хүмүүст өөрийнхөө контентоор санал болгодог.
- Контент бүтээгчийн хувьд сошиал орчныг хэрхэн хардаг вэ?
-Хүмүүс маш их цагийг сошиалд өнгөрүүлдэг болсон. Би хов живэнд дургүй. Хүн бүр дор дороо өөрсдийгөө хичээж амьдраасай гэж хүсдэг. Өөрийнхөө байгаа орчинд чадах зүйлээ хийгээд, хүн шиг хүн байя, Монгол иргэн шиг иргэн байя. Ингээд байж байхад Монгол Улс минь хөгжиж л таараа гэж боддог.
- Таны зорилго, мөрөөдөл юу вэ?
-Надад том, холын хүсэл, мөрөөдөл, карьер байхгүй. Харин хэрвээ би маргааш үхчихвэл надад харамсах зүйл байгаа юу гэдэг асуулт л байна. Энэ асуултад жаргалтайгаар үгүй гэж хариулахын тулд амьдарч байна.
-Та боловсролын талаар их онцолдог. Яагаад?
-Би бакалаврын нэг дипломтой гэж бардам хэлнэ. Хүмүүс гоё диплом цуглуулдаг юм байна лээ, ашигладаггүй. /инээх/ Би бол сурсан, мэдсэндээ эзэн болоод явж байгаа ганц л дипломтой. Би тэрнээсээ хэзээ ч ичихгүй. Яагаад гэвэл би сурсан зүйлээ ашиглаж байгаа. Боловсролоо ашиглахгүй бол диплом цуглуулсны хэрэг юу юм, дипломоо хэчнээн сая төгрөгөөр худалдаж авсны ашиг юу юм. Би ганц дипломтой, эзэмшсэн мэргэжлээрээ маш жаргалтай амьдарч байна.
- Таны бодлоор өөрийгөө хайрлана гэж юу вэ?
-Өөрийгөө хайрлана гэдэг нь өөрийгөө ойлгох гэж бодож байна. Өөрийгөө ойлгохын тулд өөртэйгөө маш олон цагийг зарцуулж, ярилцана. Хэн нэгэнд өс санана гэдэг нь асар их энергийг иддэг. Би өөрийгөө хайрлахын тулд өөрийнхөө энергийг хайрладаг.
- Залууст хандаж юу хэлэх вэ?
-Хүн бүхэн говь руу юм уу, хөдөө нүүж чадахгүй байх л даа. Гэхдээ хүн болгон байгаа орчиндоо цэцэглэж чадна. Байгаа орчноосоо байж болох жижиг зүйлээс ч аз жаргал харж чадна. Тэгэхээр дандаа сайхан зүйлийг, гоё зүйлийг хардаг хүн нь байгаасай. Ингэвэл амьдрахад илүү хялбар байх болов уу гэж бодож байна. Бусдыг шүүмжлэхээсээ өмнө эхлээд өөрийгөө дотогшоо хараад үзээрэй. Чи ч гэсэн хүн тэр ч гэсэн хүн гэдэг талаас хараасай гэж хүсэж байна.
Хамгийн сүүлд эд материалын хүсэл шунал хүнийг жинхэнэ аз жаргалд хүргэдэггүй. Харин сэтгэлийн амар амгалан л хамгийн том баялаг шүү гэж хэлмээр байна.
- Ярилцсанд баярлалаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.26.195.136
Гоё ярилцлага сонслоо. Баярлалаа.
Хариулах